Ноолуур тогтвортой бэлтгэн нийлүүлэх учир шалтгаан

Яагаад ноолуурыг хамгаалах учиртай вэ ?

Ноолуур гэдэг түүхий эд нь Төв Азийн хүн, мал, зэрлэг амьтад нь хуваан ашиглаж, эзэмшдэг өргөн уудам бэлчээр нутгаас гаралтай малын түүхий эд юм. Монгол болон БНХАУ нь дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 85 хувийг хангадаг гол нийлүүлэгчид бол харин, үлдсэн хувийг Иран, Афганистан, Казакстан, Киргизстан, Пакистан, Энтэхэг, Турк улсууд нийлүүлдэг. Ноолуур нь ямааны зөөлөн улингар үс юм. Ноолуурын дулаан, зөөлөн, бат бөх, бусад үслэг түүхий эдээс ховор олдоцтой байдаг шинж нь түүнийг загварын ертөнцөд өндөр зэрэглэлийн, тансаг хэрэглээний бүтээгдэхүүн байх шинжийг нь бий болгожээ. Гэхдээ ноолуурын үйлдвэрлэлийн ирээдүй тодорхойгүй байдалд хүрсэн байна.

Төв Азийг хамарсан сүүлийн хэдэн арван жилд гарч буй нийгэм улс төрийн өөрчлөлт, даяарчлал нь гадаад орнуудын ноолууран бүтээгдэхүүний эрэлтийн өсөлттэй давхцаж байна. Энэхүү эрэлт хэрэгцээнээс шалтгаалж малчид орлогоо нэмэгдүүлэхийн тулд мал сүргийнхээ, ялангуяа ямааны тоо толгойг өсгөх болов. Бэлчээр нутгаа сэлгэн нүүж, малаа адгуулж байсан зөв дадал хэвшил алдагдах явдал нь нийтээр нүүрлэж буй уур амьсгалын өөрчлөлттэй зэрэгцсэнээр мал, амьтдын гол тэжээлийн нөөц болох бэлчээрийн даац хэтрэх, газар доройтох, цөлжилт үүсэх байдалтай болсон.

Улмаар хөдөөгийн ард иргэдийн амьжиргааны баталгаат байдал хүндэрч, бэлчээр нутгийн экосистемийн зохицуулалт алдагдаж эхлэв. Төв Азийн бэлчээр нутгийг зайлшгүй хамгаалах шаардлага гарч, мөн ноолуур нийлүүлэлтийн сүлжээг хэрхэн экологийн баримжаатайгаар хөтлөн авч явах вэ гэдэг асуудал тулгамдаж, холбогдох улс орны хувьд аюулын харанга болоод буй юм.

Сайшаалтай нь, ноолуур үйлдвэрлэлд оролцогчид дэлхийн өнцөг бүрээс дуугарч энэхүү аюулын харангыг ойлгож эхэлж байна. Эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчид ч байгаль орчиндоо ээлтэй, нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй ноолуур үйлдвэрлэлийг эрчимтэй шаардах боллоо. Гэсэн хэдий ч, ноолуур үйлдвэрлэлийг тогтвортойгоор сайжруулах нь өөрийн гэсэн хүндрэл, онцлог бэрхшээл гарсаар. Ноолуур үйлдвэрлэлийн салбар нь үндэсний болон орон нутгийн үйлдвэрлэгчид, тэдийг олон улсын зах зээлд холбогчид, тив дамжсан үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид, брэндууд, жижиглэн худалдаа эрхлэгчдийн сүлжээнээс тогтсон дэлхий нийтийг хамарсан өргөн бүтэцтэй юм.
Иймд тогтвортой байдалд хамтдаа хүрэхийн тулд нийлүүлэлтийн сүлжээний бүх талууд эвсэж, хүндрэлийг хамтдаа ярилцаж, тал бүрийг хамарсан нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд хамтран ажиллах шаардлага зүй ёсоор урган гарч байна.

Энэ үйл явцад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт чухал үүрэгтэй. Ноолуур үйлдвэрлэлийн салбар дахь олон брэнд, жижиглэн худалдаалагчид нь хариуцлагатай зөв үйлдвэрлэлд хөрөнгө оруулж, ноолуур нийлүүлэлтийн сүлжээг тогтвортойгоор хөтлөн авч явахыг дэмжиж эхэллээ. Ялангуяа, гадаадын компаниуд МАА эрхлэгч малчид болон үндэсний үйлдвэрүүдийн зөв хичээл зүтгэлийг дэмжих хүсэлтэй байгааг ТННЭ-ийн гишүүдийн тоо өсөн нэмэгдэж буйгаар харж болно. Бэлчээрээ зөв ашиглах зохистой дадлын талаархи Монголын малчдын хариуцлага нэмэгдэж, мөн хуримтлагдаж буй тэдний мэдлэг туршлага нь ноолуур үйлдвэрлэлийг байгаль орчин ба нийгэмд ээлтэйгээр хөтлөн авч явах ажилд дэвшил гарна гэж найдаж байна.