Тогтвортой байдал - Яагаад энэ нь чухал вэ?
Тогтвортой байдлыг хангах нь өнөөгийн нийгмийн шийдвэрлэх ёстой хамгийн чухал асуудлуудын нэг билээ. Дэлхийн дулаарал болон дэлхийн хүн амын өсөлтөөс шалтгаалу хэрэглээ байнга нэмэгдэж байгаа нь дэлхий ертөнц нөхөн сэргэх үндсэн чадамжаа хадгалж чадахааргүй их ачааллыг үүсгэж байна. Даяарчлал хурдацтай тархаж буй өнөө цаг үед улс орон бүр дэлхийн зах зээлд шууд холбогдон, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахын төлөөх их өрсөлдөөнд автагдсанаар ургамал, амьтны ертөнц байтугай хүний нийгэм оршин тогтнох хүчин чадалд сөрөг нөлөө үзүүлж байна.
Хүний нийгэм нь өнөөгийн хэрэгцээгээ хангах явцдаа ирээдүйгээсээ булаалгүйгээр ажиллах үүрэг хариуцлагаа ухамсарлах нь хэзээ хэзээнээс илүү чухал боллоо. Байгалийн баялгаа ариг гамгуй ашиглаж буй өнөөгийн энэ хэв маяг үргэлжилсээр байвал, бид нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчныхоо зөв зохистой тэнцлийг улам алдагдуулсаар байх болно. Энэ аюулыг сааруулахын тулд экологийн баримжаатай эдийн засгийн өсөлтийг хангаж, байгалиа улам доройтуулахаас сэргийлснээр тогтвортой амьжиргааны нөхцлийг бүрдүүлснээр хүний нийгэм зөв оршин тогтнож чадна.
Нэгдсэн үндэстний байгууллага нь 2030 онд хүрэх Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг томъёолон гаргажээ. Эдгээр нь байгалийн баялгийг тогтвортойгоор хэрэглэх, ядуурлыг бууруулах, эдийн засгийн хөгжлийг авчрах гэх мэт ихэнхдээ хоорондоо өрсөлдөөнт шинжтэй олон асуудлыг тэнцвэртэй шийдвэрлэхэд нэмэр болох өргөн хүрээг хамарсан, өөр хоорондоо уялдаатай, цогц зорилтууд юм. Эдгээр нь бүхэлдээ ирэх 10 жилд НҮБ-ын гишүүн орнуудын хөгжлийн бодлого, хэрэгжилтийн ерөнхий чиглэлийг заасан баримт бичиг болсон.
ТННЭ нь байгаалиа хамгаалахаас эхлэн хүний сайн сайхан амьдрах, хариуцлагатай үйлдвэрлэл, түншлэлийг бий болгох гэх мэтчилэн дээрхи ТХЗ-ын 11 зорилтыг өөрийн үйл ажиллагаанд уялдуулан ажиллаж байна.
Тогтвортой хөгжлийн зорилтод уялдуулан боловсруулсан ТННЭ-ийн баримт бичгийг эндээс үзнэ үү.

















