Малчдын байгууллагын чадамжийг нэмэгдүүлэх
Малчдын хоршоодын уян хатан байдлыг дээшлүүлэx
Монголчүүд өнө эртнээс бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирсэн түүхтэй нүүдэлчин ард түмэн бөгөөд 4000 гаруй жилийн туршид уудам тал бэлчээртээ таван хошуу мал болох хонь, ямаа, адуу, үхэр, тэмээн сүргээ адгуулан маллаж ирсэн. Олон зуун жилийн туршид Монголын нүүдлийн ахуй соёл төлөвшин тогтож, өөрийн онцлог шинж төрхөөр хөгжиж ирсэн билээ, тухайлбал, бэлчээрийг улирлаар сэлгэн ашиглах, хялбархан нүүдэл суудал хийх, харилцан бие биендээ найр тавьж туслах зэргийг дурьдаж болно. Эрс тэс уур амьсгалд дасан зохицсон бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх эдгээр өвөрмөц арга барил нь эдийн засгийн болон экологийн хувьд тогтвортой байдлыг бүрдүүлж ирсэн. Гэвч өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрийн огцом өөрчлөлт шинэчлэл, мөн дэлхийн дулаарал нь малчны амьжиргааны баталгаа болон бэлчээрийн үржил шимд сөргөөр нөлөөлж байна.
Монголд 1990-ээд оны эхээр социалист дэглэм задарсны дараа малчдын амьдрал ахуйд эрс өөрчлөлт гарсан. Тус улс нээлттэй зах зээлийн эдийн засагт шилжиж, малчид малыг хувьчлалаар авсан боловч бэлчээр нь улсын мэдэлд үлдсэн. Малчид төрөөс цалин хөлс авахаа больж, өөрсдийнхөө амьжиргааг бие даан хариуцан дэлхийн зах зээлд оролцох үүд хаалга нээгдсэн. Улмаар малын тоо огцом өсч 1990 онд 25.9 сая байсан бол 2019 онд 71 сая болсон бөгөөд малчид ноолуурын худалдаа бэлтгэлд анхаарснаар ямааны тоо толгой зургаа дахин өсөв. Монгол малчдын дийлэнх нь ноолуурын борлуулалтаас орлогоо бүрдүүлдэг болжээ.
Өнөөдрийн хувьд, Монгол орны бэлчээрийн даац урьд өмнө хэзээ ч байгаагүй хэд дахин хэтэрсэн байна. Бэлчээрийн доройтол, түүнийг ашиглаж эзэмших асуудалд төрийн хяналт сул байх, уур амьсгалын нөлөөлөл зэрэг нь малчдад амьжиргаагаа тогтвортойгоор залгуулахад тодорхой бус, хүндрэлтэй байдлыг авчирч байна. Хэдийгээр нээлттэй зах зээлийн эдийн засгийн эрх чөлөө, боломж байгаа нь давуу талтай боловч амьжиргааны баталгаат байдал улам хүнд болж байна. Улирлын нүүдэл хийхээ больж, худаг, төвийн орчмоор ачаалал ихсэж, бэлчээр эзэмших эрхийн маргаан улам бүр нэмэгдсээр байна. Үүнээс шалтгаалан хүмүүс өмнөх шигээ бие биедээ туслах, нийтээрээ бэлчээр нутгаа ариг гамтай ашиглах, нийгмийн үнэт зүйлс, өв соёл алдагдахад хүрч байна гэж малчид халагдах болсон.
Олон залуус мал аж ахуйгаасаа холдож, хот суурин руу нүүж, шинэ ажил хайж байна, ялангуяа ажлын нөхцөл хүнд уул уурхайд ажилд орох боломжийг тэд эрэлхийлэх болсон. Ихэнх уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаа нь бэлчээр, байгаль орчныг улам доройтоход нөлөөлж байгаа. Зарим малчин айл өрхүүд доройтсон бэлчээр нутгаа орхиж, мал сүргээ зараад нийслэлд шинэ боломж хайсны улмаас хотын эргэн тойронд гэр хороолол улам тэлсэн. Нутагтаа үлдсэн хүмүүсийн хувьд байгалийн хүндрэл, ган зудын гамшиг, түүхийн эд, ноолуурын үнийн хэлбэлзлээс хараат хэвээр үлдсэн. Малчид малаасаа хангалттай орлого олох гэж хүйтэнд хөрч, гадаа ганадаж байгаа ч байнгын мөнгөний гачаалд байдаг тул жилийн туршид банкны зээл тавьсаар байна.
Зарим малчид бэлчээрээ хамтран ашиглах, ноолуураа зах зээлд шууд борлуулах, зах зээлийн идэвхтэй тоглогч болохын тулд хоршоо байгуулж байна. Эдгээр хоршоо нь социализмын үеийн нэгдэлтэй төстэй боловч удирдлагыг төрөөс биш харин өөрсдөө явуулж байгаагаар онцлог юм. Монголд бэлчээрийн хамтын менежментийн санаачлага өрнөж бэлчээрийн ашиглалтыг сайжруулах, малчин өрхийн эмзэг байдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Эдгээр малчдын хоршоод нь удаан хугацаандаа орон нутгийн түвшинд үр нөлөө гаргах хамгийн тохиромжтой механизм юм. Ийм учраас SFA нь малчдын хоршоодод зохистой дадлын стандартыг нэвтрүүлж, бэлчээр ашиглах, малынхаа чанар, эрүүл мэнд, арчиллагаанд ианхаарах, тэднийг уур амьсгал болон зах зээлийн эрсдлийг оновчтой даван туулахад нь дэмжлэг үзүүлж байна. Бид малчдын зөв хорших ажлыг дэмжиж, тэдний дуу хоолойг өндөрсгөж, орон нутагтаа эерэг өөрчлөлтийг авчрахыг зорьж байна. Бидний ажлын талаар дэлгэрүүлж мэдэхийг хүсвэл энд дарна уу.