Малын арчилгаа маллагааг сайжруулах
Ноолуурын ямааны тав тухтай байдлыг дээшлүүлэх нь
ТННЭ нь тогтвортойгоор мал аж ахуй эрхлэх нэг үндсэн үзүүлэлтээр малын арчилгаа, маллагааг тохируулах зөв дадлын стандартыг авч үздэг. Бид тогтвортой ноолуурын стандартыг боловсруулахдаа нийгэм, экологиийн асуудлуудыг тусган оруулаад зогсохгүй малын ая тухыг хангах, арчилгаа маллагааг нь тохируулах ажлыг хэрхэн гүйцэтгэж байгаад бодит үнэлгээ явуулахад анхаарсан. Энэхүү зохистой дадлын стандартыг өргөн хүрээгээр хэрэгжүүлснээр хариуцлагатай ноолуур үйлдвэрлэлийг бий болгоход томоохон алхам хийх боломжтой.
Мал, амьтны ая тухтай байдлыг илэрхийлсэн дараах олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн амьтны эрхийг хамгаалах 5 зарчим бидний Мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх зохистой дадалд тусгалаа олсон юм. Үүнд:
- Өлдөж, цангах байдлаас ангид байлгах
- Тав тухгүй байдлаас ангид байлгах
- Бэртэлт, зовиур, өвчин эмгэгээс ангид байлгах
- Жам ёсны авир аашаар нь байлгах
- Айдас түгшүүрээс ангид байлгах
Ноолуур үйлдвэрлэлтэй холбогдуулан энэхүү амьтны эрхийг хамгаалах 5 зарчмыг судлан үзэхдээ Төв Азийн бэлчээрийн мал аж ахуйн бодит байдал нь барууны эрчимжсэн аж ахуйгаас юугаараа ялгаатай талаар ойлголттой байх нь чухал. Энэ бүс нутгийн бэлчээр нутаг хахир хатуу уур амьсгалтай, халуун хүйтний өндөр хэлбэлзэлтэй, ган зудын эрсдэлтэй. Малчид нь бэлчээрийн гарц, даацдаа хөтлөгдөн 4 улирлын түрш нүүдэллэн амьдардаг. Мал нь мах болон сүүн бүтээгдэхүүнээр хангадаг хүнсний гол нөөц төдийгүй малын арьс, үс, ноос, ноолуур нь хувцас, хэрэглэл хийх үндсэн түүхий эд болдог.
Малчин өрхүүд өөрсдийн мал маллагааны арга дадалд янз бүрээр нөлөөлж буй олон хүчин зүйлд арга буюу автагдах, шахагдах болжээ. Амьжиргааны эх үүсвэр, орлогоо нэмэгдүүлж, бололцоотой амьдрахын тулд малчин өрх бүр л бэлчээрийн даацаа хэтрүүлэлгүйгээр ноолуурын гарцаа нэмэгдүүлэх хэрэгтэй болж байна. Өвлийг аль болох хорогдол багатайгаар даван туулж, хавар болонгуут ямаа самналтын зурвасхан хугацаанд аль болох их хэмжээний ноолуур самнаж авахыг хичээнэ. Ихэнх малчин өрхийн хувьд ноолуур нь орлогын гол эх үүсвэр. Ноолуургүйгээр тэд амьжиргаагаа тэтгэн авч явах боломж хязгаарлагдмал. Гэсэн хэдий ч энэ бүгдээс болж малын ая тух, арчилгаа, маллагааг алдагдуулах учиргүй.
Ноолуур үйлдвэрлэлд оролцогчдын дунд нэн тэргүүнд малын ая тух, арчилгаа, маллагаатай холбоотой асуудлуудад онцлон анхаарч буйг ТННЭ хүлээн зөвшөөрдөг. Мал аж ахуйг хориглох, хязгаарлах нь үүний хариулт биш. Иймээс ч бид Монголын бэлчээр нутгийн малчдаас эхлэн Өвөр Монголын фермийн аж ахуй хүртэл хүрч болох бүх газарт мал амьтдын ая тухтай байдлыг дээшлүүлэхэд ноолуур үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байна.
Ноолуур үйлдвэрлэлийн явцад малын тав тухтай байдлыг хангах 5 зарчмыг тусгасан ТННЭ-ийн Мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх зохистой дадлыг энд дарж [холбоосын энд оруулах] үзнэ үү.
Доорх бүдүүвч манай МАА эрхлэх зохистой дадал болон малын тав тухыг хангах таван зарчмыг хэрхэн ноолуурын ямааг өсгөн үржүүлж буйтай уялдуулсан байдлыг үзүүлж байна.
