Бэлчээрийг зохистой ашиглах

Бэлчээр нутгийн доройтол, онгон байгаль, зэрлэг амьтдын орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах

Түүхий ноолуурыг бараг бүхэлдээ Төв Азийн бэлчээр нутгаас худалдаанд бэлтгэн нийлүүлдэг. Мал сүрэг, ан амьтад, малчин ард түмний өнө удаан жил харилцан уялдаатай зохицон ашиглаж ирсэн эрс тэс хуурай уур амьсгалтай, тэгш өндөрлөгийн бэлчээр нутгаас сайн чанарын ноолуур бий болдог. Одоо харин энэ бэлчээр нутаг нь хүний үйл ажиллагаа хийгээд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан улам бүр эмзэг болж байна. Монгол орны зарим бүс нутагт бог мал, мөн адуун сүргийн тоо толгой хэт өсөх явдал нь бэлчээр ашиглах уламжлалт зөв дадал мэдлэгийг өөрчилж, мөн энэ байдал нь дэлхий нийтийн дулаарлын давхар нөлөөнд орж бэлчээр нутаг нь байгалийн аясаар нөхөн сэргэх шимт байдлаа алдаж байгааг эрдэмтэд төдийгүй ахмад настай малчид ч хэлж байна.

Усны нөөц хомсдох, хөрсний элэгдэл үүсэх, бэлчээр дэх тэжээлийн шимт ургамлын зүйлийн баялаг цөөрөх зэрэг нь бэлчээр нутгийн доройтлын илэрхийлж байна. Цөлжилт нь бэлчээр нутаг улам бүр хуурай, ургамал ургах үржил шимгүй болох нэгэн хэлбэр билээ.

Бэлчээрийн доройтол дээр нэмэгдээд мал сүргийн тоо өссөнөөс зэрлэг өвсөн тэжээлтэн амьтдын өвс тэжээлийн хүртээмж, амьдрах орчинд үлэмж сөрөг нөлөө үзүүлэх боллоо. Мал сүрэг нь зэрлэг өвсөн тэжээлтнүүдийн бэлчээр нутагт халдан орсноор тэднийг амьдрах нутгаас нь улам бүр шахан холдуулж байна. Зэрлэг өвсөн тэжээлтний тоо толгойн хорогдол нь түүгээр хооллогч чоно, ирвэс гэх мэт махчин амьтдын хоол тэжээлийн эргэлтэд сөргөөр нөлөөлснөөр тэд эргээд мал сүрэг рүү халдах нь ихсэх эрсдлийг дагуулж байна.

Ноолуур үйлдвэрлэл байгаль орчинд нөлөөлөх нь орон нутгийн нийгэм, эдийн засаг, экологийн байдлаас хамаарч бүс нутгуудад янз бүр байдаг. Монгол орны хувьд, Зөвлөлт Холбоот Улсын задралаар дэлхийн зах зээлд нэвтрэх үе нь олон улсын, тэр дундаа барууны орнуудын ноолуурын эрэлт, өсөлттэй давхцаж байв. Энэхүү эрэлт нэмэгдсэнээр малчид ямааны тоо толгойгоо нэмэгдүүлэхэд хүргэсэн бөгөөд 1990 оноос хойш ямаан сүргийн тоо 5-6 дахин өссөн (Үндэсний статистикийн газрын мэдээлэл: 1991 онд ямааны тоо толгой 5.3 сая байсан бол 2019 онд 29.3 сая хүрсэн байна).

Бэлчээр ашиглалттай холбоотой төрийн хяналт суларснаас худаг усыг мөн хот суурин газрыг бараадан төвлөрч, оторлож нүүх нь багассан зэрэг бэлчээр ашиглах арга, дадалд ихээхэн өөрчлөлт гарч, тухайн газар нутгийнхаа бэлчээр нутгийг доройтуулж ирлээ. Бэлчээрийн доройтолд мөн Монголын уур амьсгалын өөрчлөлт тухайлбал, хур тунадас багасах, хахир хатуу, хүйтний улирал, ган, зудад өртөх эмзэг байдал нь ч нөлөөлж байна. Усны нөөц, бэлчээр нутгийн доройтолд нэрмээс болж буй уул уурхайн үйлдвэрлэл хурдацтай өсч байгаа нь Монголын бэлчээр нутгийн эрүүл байдал, түүний хүн, амьтан, онгон байгалиа тэтгэх чадамжийг улам бүр бүрхэг болгосоор. Монголын бэлчээр нутгийн доройтлын төлөв байдал, бэлчээр нөхөн сэргэх боломжтой эсэхийг тайлбарлахад ямар хэмжээний газар нутаг ямар доройтлын зэрэглэлд орсон байгааг мэдэх шаардлагатай юм.

Монгол орны бэлчээрийн доройтол хэрхэн явагдаж байна вэ гэсэн асуулт нэлээд маргааныг өрнүүлж ирсэн. Монголын эрдэмтэд, бодлого боловсруулагчид Монгол орны бэлчээрийн талбайн 70 хувь нь ямар нэгэн доройтолд орсон гэсэн тооцоог шинжлэх ухааны уламжлалт аргаар гаргасныг ашиглаж ирсэн. Энэ нь сүүлийн үеийн эрдэмтдийн судалгааны үр дүнтэй мөн нийцэж байгаа. Тодруулбал, маш ноцтой, эргэлт буцалтгүй доройтол Монгол оронд багахан газар нутгийг эзэлж байна, талбайн 1-18%. Ихэнх бэлчээр нь бага зэрэг 33-53%, мөн 25-40% нь дунд зэрэг доройтсон, огт доройтоогүй бэлчээр 5-18% эзэлж байна . Хэрвээ бэлчээр ашиглах бодлогыг зөв хэрэгжүүлбэл бэлчээрийн доройтлыг сааруулж, цаашилбал бэлчээр нөхөн сэргэх боломжтой гэсэн үг. Гэсэн хэдий ч дээрх судалгааны үр дүнг нийтэлснээс хойш малын тоо ойролцоогоор 20%-иар өсч, 2015 онд 55.9 сая байснаас 2019 онд 71 сая болсныг тэмдэглэх нь зүйтэй юм.

Малчдын байгууллагууд ТННЭ-ийн баталгаажуулалтын хүрээнд “Бэлчээр ашиглах зохистой дадлын” хэрэгжүүлснээр ноолуур үйлдвэрлэлийн явцад байгалийн нөөц баялаг ба бэлчээрт үзүүлж буй аливаа сөрөг нөлөөллийг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулж буйгаа харуулах боломжтой юм [энд COP2-ийн олон нийтэд зориулсан хувийг оруулах]. Зохистой дадлыг хэвшүүлснээр мал сүргийн зэрлэг өвсөн тэжээлтэн амьтдад үзүүлэх шахалтыг багасгах, бэлчээрийн доройтлыг сааруулах, бэлчээрийн ургамалжилт сэргэх чадамжийг үүгээр тэтгэж байна гэсэн үг. ТННЭ нь малчдын байгууллагуудын байгаль нутгаа онгон төрхөөр нь хадгалах, бэлчээр нутгийн төлөв байдлыг сайжруулах санаачлагуудыг бүртгэж баталгаажуулснаар тэдний түншлэл хамтын ажиллагаа, хариуцлагатай түүхий эд бэлтгэн нийлүүлэгч болох идэвхийг урамшуулан ажиллаж байна.