Малчны хотноос дэлхийн брэнд тогтвортой ноолуур нийлүүлэлтийг дэмжих хөтөлбөр
Ноолуурын үйлдвэр болон ноолуур бэлтгэн нийлүүлэгч хоршоодын хамтын ажиллагааг өрнүүлснээр малчдын зах зээлд өрсөлдөх чадвар нь нэмэгдэж урт хугацааны худалдааны түншлэл, хамтын ажиллагаа өргөжин зах зээлийн стандартын дагуу түүхий эдээ эргэлтэнд оруулах боломжийг бүрдүүлэх нь хөтөлбөрөөс гарах үр дүн юм.
ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИД зах зээлд зохион байгуулалттайгаар түүхий эд бүтээгдэхүүнээ чанартай бэлтгэн нийлүүлж, түүнийгээ баталгаажуулах боломжтой боллоо. Өнөөдөр “Малчны хотноос дэлхийн бренд” тогтвортой ноолуур нийлүүлэлтийг дэмжих санаачлага хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Энэхүү хөтөлбөр нь МАЛЧИД МАЛ МАЛЛАГАА БА БАЙГАЛЬ ОРЧИН БЭЛЧЭЭРЭЭ ХАМГААЛАХ САЙН ТУРШЛАГАА баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх юм. Баянхонгор аймгийн Шинэжинст сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумтай хамтран Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвсэл (ТННЭ) нь Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) ба Говь ХК-ны 150.000 еврогийн санхүүжилтээр энэхүү хөтөлбөрийг 2019-2021 оны хугацаанд хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийн хүрээнд намрын төлөвлөгөөт ажлын дагуу тус сумдад 2019 оны 10 дугаар сарын 12-31ны хооронд нийт 27 өрхийн 847 хээлтэгчид гойд ашиг шимт ухны үрээр тусгай технологийн дагуу зохиомол хээлтүүлэг хийж, 1000 ямаанд гардан хээлтүүлэг хийн ээмэглэн бүртгэлжүүлж үржлийн бүртгэлийн дэвтэрт бичилт хийж өрхүүдэд хүлээлгэн өглөө.