Тогтвортой ноос ноолуурын Олон улсын эвсэл (ТННЭ) нь малчны байгууллага, малчдыг бэлчээр нутагтаа жинхэнэ эзэн нь байж, мал аж ахуйгаа тогтвортой, хариуцлагатай эрхлэн, малын гаралтай түүхий эдийн зах зээлд үнэ цэнэтэй оролцогч болж, аливаа бэрхшээлийг давах дадлыг бий болгоход нь олон улсын зохистой дадал (стандарт)-ыг боловсруулж, түгээн дэлгэрүүлж,  хэрэгжүүлэлтийг нь дэмжин ажиллаж ирлээ.

ТННЭ нь энэхүү стандартыг хэрэгжүүлэхдээ Монголчуудын хувьд үе дамжин тулгууртай, тогтвортой оршин тогтнох байгаль орчин, эдийн засаг, нийгэм-соёлын талбарыг бүхэлд нь хамруулсан цогц ойлголт болох “Нутаг” үзэл санааг баримталж байна. Энэ нь Монгол орны газар нутгийн онцлог, онгон дагшин байдлыг алдагдуулалгүй, өвөг дээдсийн уламжлалт арга ухааныг эрдэмтдийн олон жилийн судалгаан дээр тулгуурлан, мал аж ахуй эрхлэгчдийг малаас гарах түүхий эд, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлэх үндсэн нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн болно.

Хөдөөгийн малчид бүлэг, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр хоршин ажиллаж, аж ахуйгаа зөв хөтлөн явуулах хариуцлага чадварыг нэмэгдүүлэхэд энэхүү зохистой дадлын тогтолцоо түлхэц болно. Тогтвортой мал аж ахуйг хөтлөн авч явах чадвартай, орон нутгийнхаа хөгжлийн тулгуур болсон хариуцлагатай малчдын ирээдүй хойч үеийг бий болгоход ач тустай гэж үзэж байна.

Бид 2015 оноос эхлэн “Мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх зохистой дадал СОР1”, “Бэлчээр ашиглалтын зохистой дадал СОР2” -ыг олон улсын практик арга туршлагыг шинжлэх ухааны мэдлэгээр баяжуулан эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд, малчидтай хамтран боловсруулсан билээ.

Эдгээр хоёр зохистой дадлын тохирлын үнэлгээнд 2018 онд 17 малчны байгууллага хамрагдсанаас 16 нь, 2019 онд 15 байгууллага хоёр дахь удаагаа, 20  байгууллага анх удаагаа батламжлагдлаа.

ТННЭ-тэй хамтран ажилладаг малчны байгууллагуудын “Мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх зохистой дадал СОР1”, “Бэлчээр ашиглалтын зохистой дадал СОР2”-ын тохирлыг үнэлсэн тайланг хялбаршуулан, ТННЭ-д бүртгэлтэй хоршоо, бүлэг, нөхөрлөл тус бүрд зориулан бэлтгэлээ. Малчны байгууллага, гишүүд бүр тайлангийн зөвлөмжид ажил хэрэгч хандан,  тогтвортой хэрэгжүүлж, хэвшүүлснээрээ бэлчээр нутаг, хашаа хороо, худаг усны зохистой хэрэглээ, хадлангийн өвс, тэжээл бэлтгэл, түүнчлэн зэрлэг амьтан, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалсан үлгэр жишээч дадалтай болох юм. Улмаар, тохирлын үнэлгээний үр дүнд:

  1. Мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх зохистой дадал СОР1-ийн МӨНГӨН батламжлалыг 9 малчны байгууллага, ХҮРЭЛ батламжлалыг 26 малчны байгууллага
  2. Бэлчээр ашиглах зохистой дадал СОР2-ын ХҮРЭЛ батламжлалыг 12 малчны байгууллага тус тус гардан авах болзлыг хангажээ. Нийт 35 байгууллагаас 23 нь Бэлчээр ашиглах зохистой дадлын тохирлын үнэлгээнд орсон батламжлал авахаар болоод байна.

Эдгээр мөнгө, хүрэл батламжлал авсан малчны байгууллагууд нь ТННЭ-тэй харилцагч банк, санхүүгийн байгууллага, ноолуур боловсруулах үйлдвэрүүдтэй түншлэл хамтын ажиллагааны шинэ загварыг бий болгох боломж бүрдэж байна.

Дээрх хоёр дадлын тохирлыг эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдээс бүрдсэн 5 баг нийтдээ 10 аймгийн 26 сумын 35 малчны байгууллагыг тус бүр 104 үзүүлэлтээр газар дээр нь үнэлэн, ерөнхий болон 2 дадал тус бүрээр нийт 105 тайлан боловсруулсан билээ.

Энэхүү тайлан нь мал аж ахуйн арчилгаа, маллагааны арга ажиллагаанд зааварчилгаа болох төдийгүй малчны байгууллагын үйл ажиллагааг зөв чиглүүлэх, гишүүддээ заавар зөвлөгөө өгөх, бизнес төлөвлөгөө боловсруулах, санхүүгийн болон малын үржил угсаа сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдтэй гэрээ хэлцэл байгуулах, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллахад суурь мэдээлэл болно гэдэгт итгэлтэй байна.

Мал аж ахуйн зохистой дадлын тохирлын үнэлгээний тайлан нь ТННЭ-д бүртгэлтэй, Мал аж ахуйн зохистой дадлын стандартын тохирлын үнэлгээнд хамрагдсан малчны байгууллагад тус бүр гурван хувь, Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумын Хөдөө аж ахуйн тасагт тус бүр 1 хувь хэвлэгдэн түгээгдэхэд бэлэн болоод байна.