Тогтвортой ноос ноолуурын Олон улсын эвслээс бүх харилцагч малчны байгууллага, гишүүн өрх бүртээ “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн хаврын тэргүүн сарын мэнд дэвшүүлье. Малчин өрх бүр хариуцлагатай, байгууллага бүр хөгжил дэвшилд ахиц амжилт арвин, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өргөе.

ТННЭ-тэй хамтран ажилладаг малчны байгууллага тус бүрд “Мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх зохистой дадал С001”, “Бэлчээр ашиглалтын зохистой дадал С002”-ын тохирлыг үнэлсэн тайланг ном болгон хэвлэж, Мал аж ахуй эрхлэх зохистой дадлын тохирлын Мөнгөн батламжлал, Хүрэл батламжлал, Бэлчээр ашиглах зохистой дадлын тохирлын Хүрэл батламжлал, үнэлгээнд орсон гэрчилгээний хамтаар сумын Засаг дарга нарын хаягаар илгээгдлээ.

Малчны байгууллага, гишүүд бүр тайлангаа хүлээн аваад, заалт тус бүрийн зөвлөмжийн дагуу  бизнес төлөвлөгөө боловсруулахдаа гарын авлага болгон ашиглах бөгөөд ажил хэрэгч, хариуцлагатайгаар хандаарай. Энэхүү тайлан-ном нь эрдэмтэн, судлаач, зөвлөхүүд олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээл юм. Та бүхэн бизнес төлөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлж, хэвшүүлснээрээ бэлчээр нутаг, хашаа хороо, худаг усны зохистой хэрэглээ, хадлангийн өвс, тэжээл бэлтгэл, түүнчлэн зэрлэг амьтан, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалсан, бэлчээр нутгаа ариг гамтай ашигладаг үлгэр жишээч дадалтай болох юм.

Зохистой дадлуудын тохирлын үнэлгээний тайлан нь ТННЭ-д бүртгэлтэй, зохистой дадлын стандартын тохирлын үнэлгээнд хамрагдсан малчны байгууллагад тус бүр гурван хувь, Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумын Хөдөө аж ахуйн тасагт тус бүр 1 хувь хэвлэгдэн түгээгдсэн. Иймд,  та бүхэн аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, сумынхаа Мал аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүдээсээ зохистой дадлыг хэрэгжүүлэх, ашиглах талаар лавлагаа, зөвлөгөө авч ажиллах боломжтой бүрдлээ