Ноолуур самнах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах зэрэг бүх үйл явцад чанарын стандартыг чандлан баримтлах явдал нь малчдын хотноос эхлээд хоршоо, үйлдвэрүүд, арилжаа эрхлэгчдийн хамтын үүрэг хариуцлага билээ. Малын гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн болох ноолуурыг худалдаанд зохистой бэлтгэж түүний үнэлэмжийг нэмэгдүүлэхэд малчид та бүхний оролцоо чухал юм. Ноолуур самнах нь малчид та бүхний хийж заншсан ажил хэдий ч бид ноолуурын үнэлэмжийг нэмэгдүүлэх, орлогыг дээшлүүлэх үүднээс түүхий эдийн бэлтгэл ба боловсруулах үйлдвэрийн зүгээс тавигддаг шаардлагад тулгуурлан зөв дадлуудыг хэвшүүлэх зорилгоор энэхүү товхимолыг эмхэтгэн толилуулж байна.

Энэхүү гарын авлагыг олны хүртээл болгох мэдлэг түгээх боломжийг олгосон  Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Говь ХК-ны хамт олонд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Гарын авлагын эхийг бэлтгэн боловсруулсан Доктор Б.Нарантуяа /Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн/,  Доктор Д.Батбаяр /ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургууль/ нартаа мөн зураач А.Бат-эрдэнэ, болон эрхэм олон зөвлөхүүддээ гүн талархалыг илэрхийлье.