21-р зууны бизнес эрхлэгч малчид, малчдын байгууллага, хоршоодод зориулан чанартай ноолуур бэлтгэх, зөв дадлуудыг хэвшүүлэх, түүхий эдээ нэгдсэн арга барилаар хамтран бэлтгэж өртөг шингэсэн үнээр борлуулахад нь тус нэмэр болох товхимолыг бэлтгэн гаргалаа.
Говь ХК, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) болон Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвслээс хамтран “Малчны хотноос дэлхийн бренд” хөтөлбөрийг 2019-2022 оны хооронд хэрэгжүүлж байгаа билээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд ноолуурын улирал ирж буйтай холбогдуулан малчны хотноос эхлэн ноолуурыг худалдаанд зохистой бэлтгэх бэлтгэн нийлүүлэлтийн зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор “Ямаа самнах, ноолуур бэлтгэх” товхимлыг бэлтгээд байна.
МАА эрдэм шинжилгээний хүрээлэн, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш нартай уг товхимолыг бэлтгэсэн бөгөөд эрдэмтэн судлаачдын бүтээл, Монгол улсад мөрдөж буй стандарт, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого чиглэл, судалгааны баримт бичгүүдээс эмхтгэн боловсруулсан.
Дашрамд дурьдахад, “Малчны хотноос дэлхийн бренд” хөтөлбөрийн ноолуурын тогтвортой аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр хийгдэж буй олон ажлууд байгаа бөгөөд хөтөлбөр хэрэгжиж буй Баянхонгор аймгийн Шинэжинст сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын хоршоодод 2019 онд мэргэжлийн багийн гишүүд зохиомол хээлтүүлгийн ажлыг гүйцэтгэж өнгөрсөн сараас эхлэн малчид төлөө хүлээн авч эхэлжээ.