Forbes сэтгүүлийн нийтлэлч Andrew Busby (Хэрэглэгч, технологийн чиг хандлага ба жижиглэн худалдаалалтад тулгарч буй бэрхшээлүүдийн талаар бичдэг) -ийн цар тахлаас үүдсэн өнөөгийн нөхцөл байдал хэрэглэгчдийн ирээдүйн зан авирт хэрхэн нөлөөлж болох талаар ноолуурын үйлдвэрлэлийн жишээн дээр тулгуурлан бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Тэрээр нийтлэлдээ Johnston’s of Elgin компанийн гүйцэтгэх захирал Simon Cotton-той хийсэн яриагаа ишлэл болгожээ.
Британи дахь ноолуур үйлдвэрлэгчийн томоохон төлөөлөгчдийн нэг энэ компани Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэлийг үүсгэн байгуулагдсан цагаас дэмжиж төрөл бүрээр хамтран ажиллаж ирсэн билээ. Тухайлбал тус эвслээр дамжуулан Залуу Малчин Хөтөлбөрийг санаачлан ивээн тэтгэж эхлүүлсэн, сүүлийн жилүүдэд шилдэг Малчны байгууллагуудад мөнгөн урамшуулал олгож ирсэн зэргээс дурдаж болно. Гүйцэтгэх захирал Simon нь ТННЭ-ийнТУЗ-н дарга хийж асан агаад өдгөө ТУЗ-ийн гишүүн юм.
Хувцас загварын зах зээл дэх тансаг ангилалын төлөөлөл Johnstons of Elgin
Johnstons of Elgin нь 1797 онд байгуулагдсан ба өдгөө Их Британид ажилласаар буй хамгийн том сүлжмэл, нэхмэлийн үйлдвэрлэгч. Тансаг хээнцэр ноолууран хувцасаа тэд урьд өмнө бөс даавуу, маалинга, овъёосны гурил зэргийг үйлдвэрлэж байсан тээрмийн барилгадаа урлаж байна. Тэрээр зах зээл дэх тансаг хээнцэр хувцас үйлдвэрлэгчийн ангилалд зүй ёсоор багтдаг ба нэг ноолууран цамцны үнэ нь £250 фунт стерлинг хүрдэг нь гар татдаггүй худалдан авагчдад зориулагдсан гэсэн үг.
Цар тахалтай холбогдон үйлдвэр нь “нэн шаардлагатай бус” бизнесүүдийн адилаар зогсолт хийхэд хүрч өөрийн 1000 орчим ажилчдаа түр чөлөөлөөд байна. Үйлдвэр бүхэлдээ нам гүм байна. Гэхдээ зөвхөн одоохондоо.
Харин Johnstons-ийн хувцас загварын ертөнцийн бусад олон ижил төстэй компаниудаас ялгагдах нэг онцлог нь борлуулдаг хувцсаа Шотландын Elgin хэмээх хотдоо байгаа үйлдвэртээ хийдэг юм. Өөрөөр хэлбэл тэд үйлдвэртээ ажилдаг бүх ажилчидтайгаа шууд харилцаа холбоотой байдаг юм. Ажилчид нь Шотландын зүүн хойдох Cairngorms үндэсний цогцолбор газрынхаа эргэн тойронд нутаглацгаадаг.
Тансаг хээнцэр гэдэг нь чухамдаа тухайн хувцасыг хэрхэн үйлдвэрлэдэг хийгээд үйлдвэрлэгчийн үнэт зүйлсийн тухай ойлголт юм.
Johnstons of Elgin-ийн гүйцэтгэх захирал Simon Cotton
Хэрэглэгч чанартай хувцас худалдан авч, түүнийгээ удаан эдэлснээр хувцасны хэрэглээгээ багасгаж улмаар хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх болно гэсэн Тогтвортойн үзэл нь тус компанийн оршихуйн мөн чанар гэнэ.
Johnstons үйлдвэрлэлийн түүхий эдээ голчлон Монголоос авдаг ба малчдыг, хоршоодыг дэмжих, амьжиргаанд нь нэмэр болоход Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэлээр дамжуулан тун ойр дотно хамтран ажилладаг ажээ.
Тогтуун хээнцэрлэл ба тогтворгүй загвар хөөцөлдөөн
Харин зах зээлийн нөгөө үзүүрт бүх зүйл тэс өөр. Тансаг хээнцэр байдлын тогтуун төрх хийгээд загварын хойноос хөөсөн дүр төрхийн хоорондох ангал хэзээ хэзээнээс илүү өргөн бас гүн болоод байна. Тухайлбал, Бангладеш зэрэг улсад байрлах үйлдвэр барууны жижиглэн худалдаалагчидтай хийсэн нийлүүлэлтийн гэрээ цуцлагдах, татгалзагдах тохиолдолд тэдний ажилчдын хувьд ямар нэгэн нийгмийн хамгаалал огтхон ч байдаггүй.
Ийм байдлаас үүсэх зардал нь зөвхөн Бангладешийн хувьд 2 тэрбум гаруй фунт болдог гэсэн тооцоо бий. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж дуусаад ачилт хийгдсэн тохиолдолд нэхэмжлэлээ илгээх гэрээтэй байдаг тул бүх л эрсдэлийг тэд үүрэх болдог. Шударга бус санагдахгүй байна уу? Мэдээж. Зарим онлайн жижиглэн худалдаа эрхлэгчдийн хувьд эрэлт буурсан, таталтаа хязгаарлан үйл ажиллагаа явуулсаар байна. Ийм тодорхойгүй цаг үед хэн шинээр хувцас бөөнөөр захиалан авахыг хүсэх билээ?
Johnstons of Elgin-д гүйцэтгэх захиралаар 7 жил ажиллаж байгаа Simon Cotton-оос хэрэглэгчид бидний өдгөө хүртэл мэдэх загвар хөөх хэрэглээнээс татгалзах хандлага бий болж байна гэж үзэж болох уу хэмээн асуухад тэрээр “бид одоо ч бага үнэ, хямдралд татагдсан хэвээр байгаа” хэмээн хариулсан.
Загварын жижиглэн худалдаалагчдын заримынх нь чиг хандлагын талаар тэр “Олон ч брендууд бизнесээ орхиход хүрч, улмаар тогтолцоонд маш том цохилт болно. Хатуу энэрэлгүй байх гэсэн арилжааны хүсэл тэмүүлэл хэзээ ч ийм хүчтэй байсангүй дээ” хэмээв.
Хэрэглээгээ багасгахаас л эхлэх ёстой, энэ тойрог эвдэгдэх ёстой ч одоо үүсээд буй байдал ч (коронавирус) үүнийг эвдэж чадахгүй л болов уу
Johnstons of Elgin-ийн гүйцэтгэх захирал Simon Cotton
Johnstons of Elgin нь хүмүүсийг урьж, үйлдвэрээ танилцуулах аялал хийдэг ба ийм аялалын дараа хэрэглэгч тус бүрийн худалдан авалт 2 дахин өсдөг гэсэн тооцоо бий аж. Харамсалтай нь бидний худалдааны гудамж дах дэлгүүрээс маш хямдаар авдаг тэр хувцаснуудыг Бангладеш дахь үйлдвэрүүдэд ийм аялал зохион байгуулахад адил үр дагавартай гэж хэлэх аргагүй.
Цар тахалын дэлхий даяархи тархалтын өмнө хэт загвар хөөцөлдөөний тухай яриа өрнөхөд тогтвортойгоор үйлдвэрлэлээ эрхлэх нь ярианы сэдэв байв. Загвар хөөцөлдсөн бөөнийн хэрэглээний хэв маягийг гаргасан брендуудаас зайлсхийх асуудал тэдний 2030 болон түүнээс хойшхи бизнес төлөвлөгөө загварын төсөөлөлд байв.
Тийм хугацаа нь одоо бодоход инээд хүрмээр. Ихэнхи нь энэ үйл явц цөөнгүй жилийг шаардна гэдгийг мэдэрч байсан. Харин коронавирус олон жилийн турш үргэлжлэх энэ үйл явцыг хэдхэн долоо хоног болгон агшаав. Гэрээ хэлэлцээрүүд биелэх аргагүй болж, нийлүүлэгчид бизнесээ орхиход хүргэж байгаа үед хамгийн том асуулт бол хэзээ ч юм бүх зүйл хэвэндээ орлоо гэж бодоход нийлүүлэгчдийнхээ адилаар эдгээр брендуудийн хэд нь ор сураггүй алга болсон байх бол?
Хямдханыг авах, загварын араас хуйлран хөөцөлдөх гэдэг зүйл ингээд ард хоцорч байж ч магад. Гэнэт нөгөө £250-ийн цамц ёстой хямдрал мэт санагдаж ч мэдэх нь ээ.
Англи хэл дээрхи эх нийтлэлийг эндээс үзнэ үү
Орчуулсан Д.Цэрэнбат