Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвслийн баталгаажилттай ноолуурын ул мөрийг мөшгих загвар төслийг 2020 оны 4-р сараас хэрэгжүүлж эхлээд байна.
Энэхүү загвар төсөл нь тогтвортой арга ажиллагаагаар бэлтгэсэн ноолуурыг эцсийн бэлэн бүтээгдэхүүн болох хүртэлх бүх ул мөрийг мөшгин бүртгэлжүүлэх юм.
Загвар төслийн гол зорилго нь ноолуур бэлтгэн нийлүүлэгч оролцогч талуудын хоорондын хамтын ажиллагаа болон харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, аливаа логистикийн бэрхшээлийг тодорхойлох, үр ашигтай нийлүүлэлтийн сүлжээг бий болгохоор зорьж байна.
Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвслээс 2019 онд бүрэн баталгаажуулалт авсан 12 малчны байгууллага уг загвар төсөлд хамрагдаж байгаа бөгөөд одоогоор Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, Өмнөговь аймгийн Номгон сум, Архангай аймгийн Чулуут суманд байршилтай гишүүн хоршоод нь анхны борлуулалтаа хийлээ.
Үндэсний үйлдвэрийн удирдлага болон ажилчид сумын түвшинд ноолуур бэлтгэл чанартай болж, малчид, хоршоод идэвхтэй оролцон хамтын ажиллагаанд ахиц гарч байгаад сайшаалтай хандаж байна.
Малчдын хоршоодын ажлыг цэгцтэй, зохион байгуулалттай болгоход гадаад, дотоодын байгууллагуудын тууштай дэмжлэг ихээхэн хувь нэмэр оруулж байна. Өмнөговь аймгийн Номгон, Баян-Овоо суманд байршилтай хоршоодын гишүүдэд WCS ОУБ нь зах зээлийн шаардлагыг өрхийн хэмжээнд зааж, чиглүүлж сургалт дадлага явуулсан нь ихээхэн үр дүнгээ өгч байгаа нь бодит байдлаас ажиглагдлаа.
Үйлдвэрүүд нь малчдын хоршоодын хариуцлагатай бэлтгэсэн энэхүү ноолуурыг дахин ангилан ялгаж, угааж самнаад Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвслийн гишүүн бренд, борлуулагчдад хүргэгдэх юм.