Өчигдөр 2020.05.13-ны өдөр Тогтвортой ноос ноолуурын эвслийн санхүүжилт дэмжлэгтэй, МАОЭНХ-ны дэргэдэх Ажил мэргэжлийн стандарт, ур чадварын хөгжлийн төв, МБС-ын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв, ХНХЯ-ны дэргэдэх Эрдэнэ МСҮТ хамтран боловсруулж буй “Малчин” үндэсний хэмжээнд мөрдөх мэргэжлийн стандарт/лавлах/-ын хэлэлцүүлэг уулзалт боллоо.

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МАОЭНХ-ны үнэлгээ мэдээлэл, үнэлгээний гэрчилгээжүүлэлт хариуцсан мэргэжилтэн Болортуяа, МААЭШХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш Ариунболд, МАОЭНХ-ны Дакум-I чиглүүлэгч Г. Энхбат, Дакум-II чиглүүлэгч Ц.Мөнхнаран, Тогтвортой ноос ноолуурын эвслийн монгол дахь суурин төлөөлөгч Б.Батхишиг,  Боловсрол судлалын доктор Бүжидмаа зэрэг 14 хүн хэлэлцүүлэгт оролцлоо.

Хэлэлцүүлгийн үйл ажиллагааг нээн МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар үг хэллээ. Тэрээр хэлэхдээ Малчин гэдэг бол монголчуудын түүхэн зан заншлаас гарч ирсэн ууган мэргэжил юм. Энэ мэргэжлийн тодорхойлолт, ангилал, түвшин, мэдлэг, ур чадварыг зөв тодорхойлж, ажил мэргэжлийн стандартдаа суурилж мэргэжилтэн ажилтан бэлтгэх мөн ажлын байранд шаардагдах ур чадвар, чадамжийг олгох учраас бүх ажилбаруудыг нарийн нягт гүйцэтгэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Та бүхний боловсруулсан баримт бичгийг үндэсний зөвлөлд оруулж батлуулах, сургуульд турших, малчин өрх дээр турших ажлууд хийгдэнэ. “Малчин” мэргэжлийн заалтыг хийхэд санаачилга гаргаж буй ТННЭ-ийн хамт олонд баярлалаа. Бид дахин сайжруулах болно гэдгийг дурьдав.

Малчин мэргэжлийн стандартыг дэмжих болсон шалтгаан нь зах зээлийн баримжаатай, экологийн баримжаатай, малч ухаантай, нутаг уул усныхаа өв соёлыг хадгалж чадсан түүгээрээ олон улсын зах зээлд тодорхой байр суурийг эзэлж байх малчин мэргэжлийг бий болохыг бид хүссэн гэдгийг Тогтвортой ноос ноолуурын эвслийн зүгээс онцлов.

Хэлэлцүүлгийн хөтөлбөрийн дагуу Дакум-II чиглүүлэгч Ц.Мөнхнаран “Малчин” дакумын талаар оролцогчдод танилцуулав.

Дакумын баталгаажуулалтын шалгуур үзүүлэлтийн саналыг ТННЭ-ийн гишүүн 5 бүсийн 31 малчдын төлөөллөөс маш чухал саналуудыг ирүүлсэн гэдгийг дурьдав. Тэр дундаа малчин өрхийн эрүүл мэндийг хамгаалах, малын үржлийн анхан шатны бүртгэл, малын эрүүл мэндийн дэвтрийг хөтлөх, мах, дайвар бүтээгдэхүүн бэлтгэх, уламжлалт хоол хүнс буюу үндэстэн ястны хоол хүнс, жуулчдад үйлчилгээ үзүүлэх гэх мэт ажилбаруудыг оруулъя гэсэн саналууд ирснийг стандартын баримт бичигт нэмэлтээр оруулж өгсөн гэдгийг хэллээ. Үүний дараагаар Дакум-I чиглүүлэгч Г.Энхбат “Малчин” мэргэжлийн стандартын танилцуулж стандартын бүтэц, бүрдэл хэсэг, баталгаажуулалтын талаар санал асуулга явууллаа. Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчдоос гарсан саналыг нягталж стандарт боловсруулж буй баг дахин нягталж, шаардлагатай саналыг тусгаж ажиллахаар болов. Цаашид энэхүү малчин ажил мэргэжлийн лавлахыг төрийн захиргааны байгууллагууд, МСҮТ-үүд, ажил олгогчид, иргэдэд сурталчлах, хэрэглээнд оруулах ажлууд чухал байна гэдгийг онцлов.