Тогтвортой ноос ноолуурын эвслийн баталгаажилттай ноолуур борлуулалтын “УЛ МӨРИЙГ МӨШГӨХ ЗАГВАР ТӨСӨЛ-2020” амжилттай хэрэгжиж анхны цуваа Англи руу экспортлогдлоо.
2020.07.06-ны энэ өдөр хариуцлагатай аж ахуй эрхлэгч малчид, хоршоодын ноолуурыг ТННЭ Эвслийн гишүүн үйлдвэр Ханбогд Кашимер ХХК нь Англи руу экспортоллоо.
Ковид-19-ийн халдвартай холбоотой ноолуурын зах зээлд олон бэрхшээлүүд гарсан ч 87,315 килограмм ноолуурыг 14 гишүүн малчны байгууллага, 6 дотоодын гишүүн үйлдвэр оролцон загвар төслийг бид хамтдаа амжилттай хэрэгжүүллээ.
ТННЭ Эвслийн баталгаажилттай ноолуурын ул мөрийг мөшгөх загвар төслийн тухай:
Бид энэхүү загвар төслийг 2020 оны 4 дүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. ТННЭ Эвслийн Ул мөрийг мөшгих тогтолцооны гол зорилго нь:
- Үндэсний ноолуур үйлдвэрлэгчийн ноолуурын гарал үүслийн тогтвортой байдлыг нотлох;
- ТННЭ Эвслийн тэмдэгтийг ашиглах замаар арилжааны давуу тал болох нотолгоог гаргах;
- Үйлчлүүлэгч, эцсийн хэрэглэгчдийн хувьд ноолууран бүтээгдэхүүний тогтвортой мал аж ахуйгаас ёс зүйтэй гаргаж авдаг гэдэг итгэлийг нэмэгдүүлэх;
- Олон улсын үйлдвэрлэгч, бренд, борлуулагчдыг үндэсний нийлүүлэлт хангамжийн сүлжээтэй шууд холбох ажлыг авч хэрэгжүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл бид гишүүн малчдаас цуглуулсан түүхий ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болох хүртэлх бүх шат дамжлага, үйлдвэрийн явцыг баталгаажуулж баримтжуулах тогтолцоог нэвтрүүлж байна.