Ноолуурын салбартаа 22 жилийн дадлага, туршлагатай Сор Кашемир ХХК нь “Тогтвортой арга аргачлалаар цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал” C003 стандартын тохирлын үнэлгээнд хамрагдаж “ХҮРЭЛ БАТЛАМЖЛАЛ”-ын болзлыг хангалаа.

2020 оны 9 сарын 3-нд Сор Кашемир ХХК-ний байранд тохирлын үнэлгээний дүнг танилцуулах болон ТННЭ-ийн Англи дахь төвөөс олгодог батламжлалын гэрчилгээ олгох ёслолын үйл ажиллагаа тус тус амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг хоёр талт уулзалтаар мэргэжилтнүүдийн зөвлөмж бүхий тайланг хүргүүлж, цаашид бизнесийн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцсэн юм.

Сор Кашемир ХХК нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа байгаль орчинд ээлтэй, тогтвортой байдлыг ханган ажиллахыг эрмэлзэж байгаа нь тун сайшаалтай байсан бөгөөд үйлдвэрийн удирдлагын зүгээс ТННЭ-ийн үнэлгээний мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөмжийг 100% дэмжиж, нэн даруй хариу арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгээ хурлын үеэр тодотгож байлаа. Тодруулбал үйлдвэрийн зүгээс,

1. ТННЭ-ийн баталгаажсан хоршоодоос түүхий ноолуур худалдан авч, олон улсын зах зээлд нийлүүлэх сонирхолтой байгаа тул ирэх 2021 онд “Ул мөрийг мөшгөх тогтолцоо” төсөлд идэвх зүтгэлтэй оролцохоо илэрхийлсэн.
2. Малчдын хоршоодтой илүү нягт хамтарч ажиллах зорилготой.
3. Компанид дутагдаж буй ажлын байруудад тохирох туршлагатай мэргэжилтнүүдийг томилох төлөвлөгөөтэй.
4. Байгаль орчны ерөнхий үнэлгээг хийлгэхээр мэргэжлийн байгууллагад хандаж, ерөнхий загвар төлөвлөгөөг гаргасан.
5. Үйлдвэрийн ажилчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулж эхэлсэн.

Үнэлгээний мэргэжилтнүүдийн өгсөн санал зөвлөмжийг үйлдвэрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр эрмэлзэн ажиллаж буй “Сор Кашемир” ХХК-ний удирдлага болоод нийт ажилчдад талархал илэрхийлье.