Малчин үндэсний чадамжийн стандартаар дамжуулан мал маллагааны болон байгалийн баялгийг ариглан, ашиглах уламжлалт болон шинжлэх ухааны мэдлэгтэй, түүхий эдийг гадаад, дотоодын зах зээлийн шаардлагад нийцүүлэн бэлтгэх чадамжтай, өв соёлын үнэ цэнтэй тээгч, хамтарч, хоршиж ажиллах, хариуцлагатай залуу малчдыг бэлтгэх зорилгоор малчин мэргэжлийн багш нарыг мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа. Сургалтыг ХНХЯ-ны дэргэдэх Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвтэй хамтран Мал аж ахуйн салбарт Чадамжид суурилсан сургалтын стандарт, агуулга арга зүйг нэвтрүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор үе шаттайгаар зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 8-аас 12-ны өдрүүдэд Малчин болон МАА-н бусад чиглэлээр сургалт зохион байгуулдаг МСҮТ, ПК-ийн багш нарын ээлжит мэргэшүүлэх сургалтыг Төв аймгийн Эрдэнэ сумын МСҮТ болон тус сургуулийн дадлагын бааз – малчны хотонд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтын агуулгыг МСҮТ, ПК-ийн малчин болон МАА-н чиглэлээр хичээл заадаг 5 сургуулийн 25 багш нараас авсан сургалтын хэрэгцээнд үндэслэн эрэмбэлж боловсрууллаа. Сургалтад оролцогсод бэлчээр ашиглах, зохистой дадал хэрэгжүүлэх, гамшгаас сэргийлэх арга хэмжээг авах, бэлчээрийн хөнөөлт мэрэгчидтэй байгальд ээлтэй аргаар тэмцэх, мал үржүүлэг, үүлдэр угсааг сайжруулах, бэлчээрийн даацад тохирсон сүргийн эргэлтийг тодорхойлох, малчин өрхийн аж ахуй эрхлэх, цахим сургалтын материал боловсруулах Powerpoint 2019 программын шинэчлэлд суралцсан багш нар шинээр суралцсан сургалтын агуулгаар сургалтын цахим материал (3D зураг зохиомжлох, хөдөлгөөнт дүрсэд хувиргах) бэлтгэснээ зөвлөх багш нарт тайлагнав.

Сургалтад Өвөрхангай ПТК, Баянхонгор ПТК, Ховд Хөгжил ПТК, Хэнтий ПТК, Увс ПТК, Завхан ПТК,  Тосонцэнгэл МСҮТ, Дундговь аймгийн МСҮТ, Төв аймгийн Эрдэнэ МСҮТ, Зуунмод дахь МСҮТ, Дархан Өргөө ПТК зэрэг 11 мэргэжлийн боловсролын байгууллагын 21 багш хамрагдаж, шинэчилсэн агуулгаар суралцагсдад хичээлээ хүргэхээр боллоо.

Ийнхүү мэргэшсэн багш нар нь МАА-н салбарын хөдөлмөрийн зах зээлийн эрэлтээр тодорхойлогдсон орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөрөөр дамжуулан залуу малчдад нэн шаардлагатай ур чадварыг олгосноор МАА-н салбар дахь нэн тулгамдсан асуудлууд шийдэгдэх, хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлт хангагдах боломжийг нэмэгдүүлнэ. ЕБС төгссөн, эсвэл хараахан мэргэжил эзэмшээгүй байгаа залуус өөрийн нутагтаа ойр байгаа МСҮТ болон ПТК-д суралцан, Малчин мэргэжил эзэмших боломж ийнхүү бүрдэж байна.

2020-2021 оны хичээлийн жилд  Эрдэнэ, Зуунмод, Тосонцэнгэл, Дундговь дахь Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвүүд болон Дархан-Өргөө, Завхан дахь Политехникийн коллежуудад малчин мэргэжлийн ангид нийт 150 гаруй элсэгчид аваад, сургалтын үйл ажиллагаагаа эхлээд байна