“Малчин эмэгтэйчүүдийн чадамжийн хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ.

Энэхүү хөтөлбөр нь ноолуурын салбар дахь худалдаа бэлтгэлийн зохистой дадал, шаардлага стандартын мэдлэгийг малчин эмэгтэйчүүдэд олгож, тэдний нийгмийн оролцоо, эдийн засгийн хэтийн төлөвийг сайжруулах зорилготой

2020 оны 9 сарын 7, 8-ны өдрүүдэд  Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв болон Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил (IFAD)-төсөлтэй хамтран хөтөлбөрийн эхний үе шат болох  “Ноолуур бэлтгэх, ангилан ялгах чадамжийг эзэмшүүлэх” багш нарыг мэргэшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтанд 9 аймгийн 13 сумын МСҮТ-ийн багш нар, Орон нутгийн ХАА-н мэргэжилтнүүд хамрагдаж нийт 40 багш сургалт явуулах эрхийн гэрчилгээгээ гардан авлаа.

Хөтөлбөрийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд Хоёрдугаар шатанд сургагч багш нар 1000 малчин эмэгтэйд ноолуур бэлтгэх, ангилан ялгах чадамжийн сургалтыг зохион байгуулах юм. Гуравдугаар шатанд амжилттай суралцсан малчин эмэгтэйчүүдэд Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвсэл, ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төвөөс чадамжийн гэрчилгээ олгоно. Харин дөрөвдүгээр шатанд чадамж эзэмшсэн малчин эмэгтэйчүүд өөрсдийн хамтран ажилладаг малчны бүлэг, хоршоо, нөхөрлөлүүдэд орон нутгийн түвшинд зах зээлийн шаардлагын дагуу чанартай ноолуур бэлтгэх мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлнэ.

Ноолуур бэлтгэх зохистой дадал, стандарт, сайн туршлага, зах зээлийн эрэлт хэрэгцээ зэрэг шаардлагатай ур чадварыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлснээр ноолуур бэлтгэлийн чанар дээшилж, нэмүү өртөг шингээх боломжийг нэмэгдүүлнэ.

Энэхүү хөтөлбөр нь Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвсэл болон гишүүн бренд Америкийн J.CREW компанийн КОВИД-19-ийн нөлөөлөлд хариу арга хэмжээ авах хамтарсан үйл ажиллагааны нэг хэсэг юм.