Дэлхийн хүмүүсийн хэрэглээний соёл өөрчлөгдөж буйг илэрхийлэх нэг гол хүчин зүйл нь худалдан авагчид “Энэ хувцасыг үйлдвэрлэхэд амьтны амь хөнөөсөн биш биз? Байгаль орчин бохирдуулж цөлжилт үүсэхэд нөлөөлсөн юм биш байгаа?” гэж асуудаг болсонтой холбоотой.

Үнэхээр  л байгаль орчинд сөрөг нөлөөгүй ухаалаг үйлдвэрлэл, эко бүтээгдэхүүн, хариуцлагатай бизнес рүү дэлхий нийтээрээ хоршуурах болсон.

Дэлхийн бренд болохоор зорьж буй монгол ноолууранд ч мөн энэ шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь ноолуур бэлтгэн нийлүүлэгчид, үйлдвэрлэгчид, экспортлогчид, эцсийн бүтээгдэхүүн болгон худалдаанд гаргадаг брендүүд гэхчилэн бүх оролцогч талыг хамтдаа хариуцлагатай, тогтвортой үйл ажиллагаа явуулахыг сануулж эхэллээ.

Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвслээс зохион байгуулж буй “Ноолуур бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ ба тогтвортой хөгжил” сэдэвт энэхүү конференц нь ноолуур бэлтгэн нийлүүлэх сүлжээний оролцогчдын хүрээнд салбарын тогтвортой байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, байгаль орчин, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой хөгжил, урт хугацааны шинэлэг хамтын ажиллагааг өрнүүлэх зорилготой.

Энэхүү хуралд ноолуур бэлтгэн нийлүүлэгч малчид, анхан шатны боловсруулах үйлдвэрийн төлөөллүүд, эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гадаад дотоодын бренд компаниуд, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага зэрэг 200 гаруй төлөөлөгч оролцлоо.

Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвслийн гишүүнээр 120 гаруй томоохон брэндүүд байдаг бөгөөд эвслийн гишүүн байгууллага болох “Burberry”, Marc & Spencer”, “Jonstons of Elgin” зэрэг дэлхийд алдартай ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн төлөөлөл хүрэлцэн ирсэн нь онцлог байв.

Улс орны эдийн засагт илүү бодитой хувь нэмэг оруулах, банкны бүтээгдэхүүн үйлчилгээнд эко, ногоон бүтээгдэхүүн нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй, тогтвортой, хариуцлагатай бизнесүүдийг дэмжих ажлын хүрээнд ХААН Банк бидний ажлыг дэмжин хамтран зохион байгуулж ивээн тэтгэгчээр ажиллаа.

Ноолуурыг малчдын гар дээрээс авч үйлдвэрийн аргаар боловсруулж, экпортод гаргах хүртэлх бүхий л шат дамжлагыг цогцоор нь шийдсэн ноолуурын өртгийн сүлжээ бий болгохоор Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвсэлтэй ХААН Банк хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Эвслийн баталгаажуулалт авсан малчдын хоршоодод хөнгөлттэй зээл олгох, дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад хамтран ажиллах юм.