Тогтвортой ноос ноолуурын эвслийн гишүүн бренд J.Crew компанийн санаачилгаар “Малчин эмэгтэйчүүдийн чадамжийн хөтөлбөр” нь 2020 оноос эхлэн хэрэгжиж байгаа билээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Ямааны ноолуур ангилан бэлтгэх-чадамжид суурилсан сургалт”-ыг ТННЭ-д бүртгэлтэй бэлтгэн нийлүүлэгч малчдын хоршоодын малчин эмэгтэйчүүдэд хүргэхээр ажиллаж байна.

Cургалтын хөтөлбөрийг Мэргэжлийн  боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвтэй хамтран  сургалтын стандартаар батлагдсан чадамжийн нэгж, чадамжийн элемент, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг ашигласан боловсрууллаа.

Түүхий эдийн бэлтгэлийн чанартай холбоотой асуудал ноолуурын салбарын тулгамдсан томоохон сорилтын нэг гэдэгт нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талууд болон гадаад, дотоодын үйлдвэр, аж ахуйн нэгжүүд санал нэгтэй байдаг. Иймд анхан шатны нийлүүлэгч  буюу малчид, хоршоодод зориулсан түүхий эд бэлтгэлийн чиглэлээр түр сургалтыг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах нь зүйтэй хэмээн салбарын бодлогын баримт бичигт заасан.

“Ямааны ноолуур ангилан бэлтгэх чадамжид суурилсан сургалт”-ыг зохион байгуулснаар Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоонд чанарын үнэлэмж бий болгох, нэмүү өртгийн сүлжээнд малчдын оролцоог нэмэгдүүлэхэд нааштай  нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байна. Ноолуурын бэлтгэн нийлүүлэлтийн зохистой дадал, зах зээлийн шаардлага, стандартын мэдлэгийг малчдад ялангуяа малчин эмэгтэйчүүдэд олгож, нийлүүлэлтийн сүлжээний оролцогч талуудын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, ноолуур бэлтгэлийн баталгаат чанарыг хангах, тэдний нийгмийн оролцоог сайжруулахад энэхүү сургалтын зорилго, ач холбогдол оршино.