Тогтвортой ноос ноолуурын эвслээс “Малчин эмэгтэйчүүдийн чадамжийн хөтөлбөр” -ийг J.Crew компанитай хамтран 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж байгааг бид өмнө нь мэдээллэсэн.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Ямааны ноолуур ангилан бэлтгэх-чадамжид суурилсан сургалт”-ыг 12 аймаг 26 сумын 32 малчны байгууллагын 1000 малчин эмэгтэйчүүдэд хүргэхээр зорьж ажиллаж байна.
Сургалт, хөтөлбөрөөр дамжуулан зах зээлийн шаардлагын дагуу ноолуураа хариуцлагатай бэлтгэх, худалдаа бэлтгэлийн гэрээ хэлэлцээр хийхэд түлхэц өгөх, малчин эмэгтэйчүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг орон нутагт үлдээх чухал шийдвэрт нөлөөлөх, ноолуурын арилжааг ахисан түвшинд зах зээл ба экспортын баримжаатайгаар явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
2021 оны 3 сарын 2-ны байдлаар Дорнод, Дорноговь аймгийн малчин эмэгтэйчүүдэд зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа. Цаашдаа 4 дүгээр сар хүртэл аймаг сумдуудад төлөвлөсөн хуваарийн дагуу зохион байгуулах юм.
Сургалтыг Дорноговь аймгийн Алтанширээ сум болон Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ЗДТГ-тай хамтран халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан зохион явууллаа. Багш нар онлайнаар хичээлээ удирдан явуулсан бөгөөд хоршооны дарга нар чиглүүлэгчээр ажиллав.
Сургалтанд оролцсон малчин эмэгтэйчүүд ноолуур бэлтгэлийн баталгаат чанарыг хангах, худалдаа бэлтгэлийн зохистой дадал, ноолуурыг ангилан ялгаж бэлтгэн нийлүүлэх талаар мэдлэгтэй болов. Цаашид багтаа очин сургалтын талаар болон, сургалтаас олж авсан мэдлэгээ дахин 2 малчин эмэгтэйд түгээхээр тохиролцов.