ТННЭ-ийн санаачилгаар JCrew Олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ямааны ноолуур ангилан бэлтгэх” Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн менежер, доктор Б.Цацралттай хөөрөлдлөө.
ТННЭ-ээс JCrew-тэй хамтран Малчин эмэгтэйчүүдийн чадамжийн хөтөлбөр сургалт зохион байгуулагдаж байна. Энэ сургалтын зорилго хамрах хүрээний талаар товч танилцуулна уу
Ноолуурын ханган нийлүүлэлтийн сүлжээний эх нь Малчны хот. Тогтвортой ноолуурын стандарт эндээс эхлэх тул малчдадаа энэ ойлголтыг ойлгуулж хамтран ажиллах нь маш чухал. ТННЭ-ээс бэлчээр ашиглалт, мал маллагааны зохистой дадлын хэрэгжилтийг хангах, ухуулан таниулах ажлуудыг хамтран ажиллаж буй малчдын байгууллагуудад зохион байгуулсаар ирлээ. Энэ удаа ТННЭ-ийн санаачилгаар JCrew компанийн дэмжлэгтэйгээр ХНХЯ-ы харъяа Мэргэжлийн боловсролынн сургалт, үнэлгээ, мэдээлэл арга зүйн төвтэй хамтран ТННЭвслийн гишүүн малчдын байгууллагын малчин эмэгтэйчүүдэд зориулан “Ямааны ноолуур ангилан бэлтгэгч” – Чадамжид суурилсан сургалтыг зохион байгуулж байна. Энэ хөтөлбөрийг ТННЭвслийн харъяа “NAR”хүрээлэн нь үндсэн 3 үе шаттайгаар гардан гүйцэтгэж эхлээд байна.
Эхний үе нь малчин эмэгтэйчүүдээ сургах сургагч багш нараа бэлтгэх ажиллагаа байв. Энэхүү сургалт нь гэрийн эзэгтэй нарын онол дадлагыг хослуулсан, чадамжид суурилсан, ур чадвар олгох онцлогтой бөгөөд МБСҮМАЗТ-ийн арга зүйч нарын зөвлөгөөгөөр, мэргэжлийн боловсролын сургалтын чиглэлээр мэргэшсэн багш нарыг бэлтгэснээс тодорхой шалгуурын үндсэнд Ховд, Завхан, Дундговь Төв аймгийн Политехникийн коллеж болон МСҮТөвийн болон Улаанбаатарын хотын сургагч багш нар, ТННЭ-ийн 5 зөвлөх багш нарын хамт сургалтын хөтөлбөр арга зүйг батлуулан ажилласан болно. Эдгээр сургагч багш нар маань энэ сургалтаас ихийг суралцаж бас өөр хоорондоо танилцаж мэдлэг туршлагаа хуваалцав. Багш нар сургалтын материалуудаа малчин эмэгтэйчүүдэд хэрхэн сайн хүргэхтэй холбогдуулан өөрсдийн арга туршлага дээрээ үндэслэн улам бүр сайжруулан боловсруулах ажлыг хөтөлбөрийн дараагийн үе эхлэх хүртэл хийлээ.
Хөтөлбөрийн 2 дахь үе буюу үндсэн хэсэг болох Малчин эмэгтэйчүүдийн сургалтын ажиллагааг нь 2021 оны 3 сараас 4 сарын 1 хүртэл үргэлжилэхээр төлөвлөгдөж ТННЭвсэлд бүртгэлтэй малчдын байгууллагын өөрсдийнх нь санал хүсэлтэд тулгуурлан улсын хэмжээнд 12 аймгийн 24 сумын 30 бэлтгэн нийлүүлэгч малчны байгууллагын 652 малчин эмэгтэйчүүд суралтанд орохоор бүртгүүлсэн. КОВИД цар тахлын улмаас хөл хорио тогтож мөн зарим хөдөө орон нутагт нүүрлэсэн цаг агаарын тааламжгүй байдал зэргээс болж өнөөдрийн байдлаар 24 хоршооны 600 орчим эмэгтэй сургалтад хамрагдаад байна.
Хөтөлбөрийн сүүлийн шатанд МБСҮМАЗТөвтэй хамтран сургалтанд хамрагдсан эмэгтэйчүүдэд сургалтаар өгөгдсөн даалгаврын хүрээнд хөндлөнгийн үнэлгээ хийх, үнэлгээндээ тэнцсэн эмэгтэйчүүдээ “Ямааны ноолуур ангилан бэлтгэынгч” II төвшний ур чадвар гэрчилгээ олгох ажлууд хийгдэнэ.
КОВИД-ийн улмаас сургалт цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Цахим хэлбэрээр сургалт явуулах давуу бас сул талууд юу анзаарагдав?
Энэхүү хөтөлбөр нь анхнаасаа ТННЭ-ийн зүгээс КОВИДтой холбогдуулан гаргасан төлөвлөгөөний дагуу хийгдэж буй тул цахим хэлбэрээр явагдах магадлал өндөр байсан. Бэлтгэл ажиллагааны үед ч бид энэ тал дээр анхаарч хичээсэн. Сургалтыг багш нар маань байгаа газруудаасаа холбогдон, ТННЭ-ийн зөвлөх багш нартайгаа хамтран хийж байна. Мөн ТННЭ-ийн Британи улс дахь багаас сургалтад оролцож мэдээлэл өгч, санал бодлыг нь сонсож буй нь сургалтад оролцогчид ялангуяа малчин эмэгтэйчүүдэд өөрсдийнх нь өдөр тутмын үйл ажиллагаа нийт ноолуурын үйлдвэрлэлийн сүлжээнд ямар чухал ач холбогдолтой хэсэг болохыг улам бүр ойлгон ухаарахад чухал ач холбогдолтой байв.
Анх удаа ийм өргөн хүрээний сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж буй тул сургалтыг энгийн ойлгомжтой, хүртээмжтэй байлгахын зэрэгцээ техникийн хувьд тасралтгүй байлгах тал дээр бид ихэд хичээн бэлтгэлээ базаасан нь үр дүнгээ өглөө. Сургалтын хэрэгсэл болон сурах бичгийг урьдчилан бэлдээд, хэвлэн шуудангаар хүргүүлсэн нь малчин эмэгтэйчүүд маань ноолуураа хэрхэн бэлтгэн нийлүүлэхтэй холбоотой ойлголтуудыг урьдчилан харж бэлдэх нөхцлийг бий болгов. Сургагч багш нар маань олон аймаг сумдын ёс заншил, цаг агаар, мал маллагааны арга барил, ямааны үүлдэр угсаагаар ялгаатай, өөр өөр аймаг сумдын малчин эмэгтэйчүүдэд сургалтаа явуулж байгаа тул сургалтаа илүү бодит амьдралтай уялдуулан манай аймаг нутагт ийм байдаг, танайд ямар онцлогтой байдаг вэ гэх мэтчилэн харилцан туршлага судлах, өөрсдийн сайн туршлагаа солилцож байсан нь суралцагчдад илүү хүрцтэй байлаа.
Мөн тухайн орон нутагт хөтөлбөрийн багтай хамтран сургалтыг зохион байгуулж буй малчдын хоршоод байгууллагуудын дарга, ажилтнууд маань орон нутгийн удирдлагатайгаа хамтран сургалт явуулах орчныг маш сайн бүрдүүлсэн нь амжилттай хийгдэх нөхлийг бүрдүүлэв. Малчин эмэгтэйчүүд маань сургалтад чин сэтгэлээсээ оролцож, асууж лавлаж, өөрсдийн өмнө тулгардаг бэрхшээлүүд, даван гарч буй арга ухаанаасаа харамгүй хуваалцаж сургалтыг амьд өгөөжтэй болгоход ихээхэн хувь нэмрээ орууллаа.
Мөн цахим хэлбэрээр зохион байгуулахын давуу тал нь багш нар тухайн орон нутагт очихгүй тул зардал ихээр хэмнэгдэхийн зэрэгцээ нэг удаагийн холбогдолтоор хоёр өөр газарт байгаа эмэгтэйчүүдэд зэрэг сургалт явуулах боломжийг үүсгэв. Түүнчлэн ямар нэгэн гэнэтийн асуудал (нийтийг хамарсан хөл хорио, байгаль цаг уурын гэнэтийн үзэгдэл гэх мэт) гарч сургалт хэдэн өдрөөр хойшлоход оролцогч талуудад онцгой хүндрэл болдоггүй аж.
Эмээж байсныг бодоход техникийн хувьд бэрхшээл гарах нь бага, сургалтын ажиллагаа саадгүй үргэлжилж байна.
Цахим хэлбэрийн сургалтууд хойшид ч түгээмэл хийгдэх нөхцөл харагдаж буй тул анхаарах зүйлс байгааг засаж залруулаад сайжруулаад явахад болно. Бидний хувьд ховорхон ч гэлээ интернэт холболтын хурд зарим газар удаанаас дүрс дуу тасалдах явдал мэр сэр гарч байв. Мөн суралцагчидтайгаа нүүр тулж ганцаарчилсан яриа үүсгэх, бодит байдлыг мэдрэх боломжгүй, том зааланд асуулт хариулт өрнөх үед микрофон дамжуулах гэж удах, царгих гэх мэт техникийн шинжтэй зүйлс тулгарч буй ч эдгээр нь сургалтын үр өгөөжид төдийлөн сөрөг нөлөөгүй зүйлс байлаа. Танхимд сургалтыг удирдан хөтөлж явуулах хүнээ бас тодорхой түвшинд сургах хэрэгтэй юм байна гэдгийг анзаарав.
Сургагч багш нар болон сургалтад хамрагдсан малчдын сэтгэгдэл ямар байна?
Сургагч багш нар болоод суралцагчид маань бүгд л энэхүү сургалтад өөрийн оролцоогоо оруулж хамтран ажилласандаа сэтгэгдэл өндөр байна. Мөн өөрсдийн өмнө тулгардаг хүндрэл, түүнийг хамтдаа давж гарах арга замуудыг санал болгож байна. Зарим багш болон малчин эмэгтэйчүүд, хоршоодын дарга нарын санал сэтгэгдлийг сонирхуулахад:
Ховд аймгийн Политехникийн коллежийн багш Даваасүрэнгийн Дуламсүрэн
-Сургуулийнхаа малчны ангид хичээл ордог бид энэ сургалтад сургагч багш бэлтгэх талаар сонсоод алс хол гээд хоцролгүй оролцож болох юм байна гээд 3-уулаа хүсэлт гаргаад сонгогдож оролцох болсонтой ихэд баяртай байна. Зөвлөх багш нарынхаа заасан ямааны ноолуурын ангилан ялгалтын стандартын ойлголтууд дээр өөрсдийн заадаг хичээлийн агуулга, тухайн орон нутгийн онцлог зүйлс, мал маллагааны талаар мэдлэг, мэдээллээ баяжуулан сургалтын материалаа бэлтгэж малчин эмэгтэйчүүдтэйгээ холбогдон хичээл зааснаар бид асар их зүйлийг давхар сураалцлаа.
Бид 3 одоогоор 9 хоршооны 180 гаруй малчин эмэгтэйчүүдэд сургалт хийгээд буй. Нүүр тулж уулзахгүй, холоос цахим холбогдох тул хөндий харьцаатай байх болов уу, заах юмыг маань хэр хүлээж авах бол гэх мэт түгшүүр байсан ч сургалт явагдаад эхлэхэд л суралцагч нарын маань идэвхитэй, зохион байгуулалт сайтай байснаас энэ бүгд эргэлзээ болгоомжлол арилж бүтээлч халуун дулаан хичээл өрнөж бие биенээсээ ихийг суралцаж байсанд маш их сэтгэл хангалуун үлдлээ. Малчид маань өөрсдийнхөө өдөр тутам хийж гүйцэтгэдэг ажлаа ТННЭ-ийн зүгээс гаргасан зохистой дадлуудын дагуу хийгээд заншихад энэ сургалт ихээхэн үр нөлөөтэй болж буйг малчин суралцагч нарынхаа сэтгэгдэлээс сонсоод мөн их баяртай байна хэмээв.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Явын булаг” хоршооны гишүүн, Гэндэнсүрэнгийн Нарантуяа: “Малчид бидний өдөр тутмын хийгддэг ажил хэдий ч ямаа самнах арга ажиллагаа нь ямар нарийн ач холбогдол өгөх ёстой гэдгийг энэ сургалтаар олж мэдлээ. Өөрөөр хэлбэл би ямааны ноолуур бэлтгэлийн талаар дараах ойлголт мэдлэгтэй боллоо гэж үзэж байна. Үүнд:
- Ямаагаа нас, хүйсээр нь ангилан ялгаж тусад нь самнах ёстой юм байна
- Ноолуур савлах шуудай нь поли утсан шуудай байвал үйлдвэрийн машинд орооцолдож үйлдвэрт маш их хохирол гарах юм байна, энэхүү шуудайнд ноолуураа удаан хадгалбал ноолуурын чанарт ч маш муугаар нөлөөлөх юм байна, иймд малчин бид ганц удаа тансаг бүтээгдэхүүн агуулах саваа маш сайн чанартай шуудай саванд хийх ёстой юм байна
- Бид захиалагч нарын хүсэл шаардлагад нийцсэн стандартын дагуу ноолуураа бэлтгэчихвэл дэлхийн зах зээлд гарах ойрхон байна гэдгийг ч харж ухаарлаа” гэсэн бол
Дорнод аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Батболдын Оюунтуяа:
- Энэхүү сургалтанд хамрагдаж ноолуураа стандартын дагуу өөрсдийн чадах чинээгээр ангилан ялгаад хоршоондоо тушаахад үйлдвэр тэдний ноолуурыг бусад гишүүдийн ноолуураас, болбол зах зээлийн үнээс арай өндөр үнээр авах, гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгодог байх хэрэгтэй. Тэгвэл бусад хүмүүстээ нөлөөлөөд хоршоогоороо чанартай ноолуур бэлтгэн нийлүүлэх боломжтой болно.
- Үйлдвэртэй тогтмол холбоо тогтоож малчдад ноолуурын урамшуулал олгох тал дээр анхаарах, тэгэхгүй бол ченжүүд цагаан сараас эхлээд хүмүүст мөнгө өгөөд эхэлчихдэг. Мөнгөө өгсөн хүмүүс хоршоондоо биш ченждээ ноолуураа өгөхөөс аргагүй болдог.
- Мөн үйлдвэртэй үнэ ханшаа тохироод гэрээгээ хийчихвэл цаг хугааны хувьд бас сайн тохирох хэрэгтэй. Тэгвэл малчид ноолуурын ханш унахаас айхгүй цаг агаар харж ямааны ноолуур хөөрсөн үед тав тухтай ямаагаа самнах болно. Тэгэхгүй бол үнэ ханш унахаас айгаад ноолуур хөөрөөгүй ч байсан санд мэнд ноолуураа самнадаг гэж өөрийн саналаа хэлсэн юм.