Сүүлийн жилүүдэд хэрэглэгчид бүтээгдэхүүний гарал үүслийг мэдэх, түүхий эдийг хэрхэн эцсийн бүтээгдэхүүн болгон хувиргах талаар  илүү ихийг мэдэхийг хүсэж байгаа тул эрэлт хэрэгцээг мэдэрч чадахгүй байгаа бизнес эрхлэгчид ард үлдэх нь ээ.

Дэлхийн ноолуурын түүхий эдийн 40%-ийг дангаараа бэлтгэдэг Монгол улсын хувьд энэхүү шаардлагыг хангах, гарал үүслийг баталгаажуулах мөшгөх тогтолцоог бий болгосноор үндэстэн дамнасан үйлдвэрлэгчид, олон улсын ноолуурын худалдаатай холбоотой  үйл ажиллагааг амжилттай явуулж үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой.

Тогтвортой ноос ноолуурын эвсэл (SFA) нь түүхий ноолуурыг худалдан авахаас эхлээд бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд хүргэх эцсийн шат хүртэлх бүх дамжлагыг хянах мөшгөлтийн тогтолцооны загвар төслийг 2019-2020 онд олон амжилт сургамжтайгаар туршсан.

2021 оноос цахимаар олон улсад нээлттэйгээр хэрэгжүүлж эхэллээ. 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар  Төв, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Архангай, Өвөрхангай аймгуудаас 9 хоршоо, дотоодын  4 үйлдвэр оролцон 89,2 тонн баталгаажсан ноолуурын арилжаа цахим системд бүртгэгдсэн байна.

Мөшгөлтийн тогтолцоог хэрэгжүүлснээр ханган нийлүүлэгчид, үйлдвэрлэгчид, бөөний худалдаачид, тээвэр, ложистикийн үйлчилгээ эрхлэгчид, жижиглэнгийн худалдаачид гэх мэт бүх оролцогч талууд ноолуурын нийлүүлэлтийн сүлжээний шат дамжлага бүрт хяналт тавих боломжтой болно. Мөн бэлтгэн нийлүүлсэн, худалдан авсан ноолуурын талаарх нарийвчилсан, үнэн зөв, баталгаажуулсан мэдээллийг олж тогтоон ТННЭ-ийн баталгаажсан ноолуурын мэдэгдлийг олон улсын зах зээлд нээлттэй гаргах боломжтой.

ТННЭ-д бүртгэлтэй малчдын байгууллагуудын ноолуур бэлтгэлийн чанарыг сайжруулах зорилгоор “Ноолуур ангилан ялгах” сургалтыг онлайнаар зохион байгуулсан нь хаврын ноолуур бэлтгэлийн цагаар малчид, хоршоодын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд томоохон түлхэц өгсөн тухай сумын удирдлагууд талархал илэрхийлсэн байна. 

Сургалтаар нийт 35 сумын 650 эмэгтэйг хамруулж чадамжийн гэрчилгээ олгосон бөгөөд мэргэжлийн сургалтын байгууллага (МСҮТ)-тай хамтарснаар үндэсний үйлдвэрүүдэд тушаахад ноолуурыг савлах, өнгөөр нь ангилах, хогт хольцноос салгах, зориулалтын уутанд бэлтгэх зэрэг бодит хэрэгжилт, үр дүн гараад байна. 

Ул мөрийг мөшгөх тогтолцоог хэрэгжүүлэх нь яагаад чухал вэ?

Мөшгөлтийн тогтолцоог хэрэгжүүлэх нь үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээгдэхүүний чанарын хяналтыг сайжруулахад чухал нөлөөтэй бөгөөд зарим бизнес эрхлэгчдэд хууль ёсны шаардлага болно.

Учир нь дэлхийн улс орнуудын хандлага байгальд ээлтэй, хаягдал багатай, үр ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлэн, бүтээмжийг дээшлүүлж, нийгмийн оролцоог хангасан, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгохын төлөө үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж байна.

Тиймээс үйлдвэрлэлийн явцад ул мөрийг мөшгөх тогтолцоог хэрэгжүүлснээр үр ашиггүй байдлыг тодорхойлох, өөрийн бизнесийн талаар илүү сайн шийдвэр гаргах, хөрөнгө оруулалтын өгөөжийг хамгийн их байлгах, үйл ажиллагаандаа тасралгүй сайжруулалтыг хэрэгжүүлэх боломжтой болно.

ТННЭ Эвслийн хэрэгжүүлж буй ноолуурын гарал үүслийг мөшгөх тогтолцооны гол зорилго:

  • Үндэсний ноолуур үйлдвэрлэгчийн ноолуурын гарал үүслийн тогтвортой байдлыг нотлох
  • ТННЭ Эвслийн тэмдэгтийг ашиглах замаар арилжааны давуу тал болох нотолгоог гаргах
  • Үйлчлүүлэгч, эцсийн хэрэглэгчдийн хувьд ноолууран бүтээгдэхүүний тогтвортой мал аж ахуйгаас ёс зүйтэй гаргаж авдаг гэдэг итгэлийг нэмэгдүүлэх
  • Олон улсын үйлдвэрлэгч, бренд, борлуулагчдыг үндэсний нийлүүлэлт хангамжийн сүлжээтэй шууд холбох ажлыг авч хэрэгжүүлэх явдал юм.