Бизнесийн сурвалжлагч: Katherine Latham 2021 оны 6 сарын 07-нд www.bbc news.comбичсэн нийтлэлийн орчуулга 

Цэрэндоржын Наранцэцэг: Зарим зүйлсийг худалдаж авахад ч хэцүү байлаа.

Тэрээр -30 хэмийн хүйтнийг тэсэж гарах ёстой тул дулаан хувцас хийх, наад зах нь бээлий оёх бөс бараа олдохгүй болох вий гэдэгт санаа зовохоос аргагүй юм. “Импортоор авдаг бөс даавуу материал хомсдосноор хувцас маань элэгдэж хуучирч, гарт углах бээлий ч хийж өмсөх боломжгүй болох вий дээ” гэж тэр хэлсэн.

Наранцэцэг бол дэлхийн ноолуурын зах зээлд Хятадын дараа хоёрт орох зах зээлийг хадгалахад хувь нэмрээ оруулж буй Монголын хөдөөний малчин.

Түүний амьдрал олон зүйлээрээ таныхаас хаа хол санагдаж болох ч цар тахлын улмаас дэлхий даяар үүссэн бүтээгдэхүүний хомсдолтой нүүр тулж буйгаараа тэр бидэнтэй адил.

Өнгөрсөн жил цар тахал хүчтэй тархах үед Британид хүнсний супер маркетуудын лангуу хоосорч байхтай зэрэгцэн хоол хүнс, бензин шатахуун, хувцас хэрэглэлийнхээ (мэдээж ноолуур үүнд орохгүй) ихэнхийг импортоор авдаг, далайд гарцгүй Монголын хувьд байдал бүр ч хүндэрсэн ажээ.

Монголын засгийн газар хүнсний бүтээгдэхүүнийхээ импортод голлон анхаарснаар бусад бүтээгдэхүүний хомсдол үүсэж улмаар үнийн хөөрөгдлийг бий болгов.

“Монгол улс гадаадын зах зээлээс хэт хамааралтай нь улам бүр тодорхой харагдаж байна,”  “Бүх юмны үнэ тэнгэрт хатаж юу ч худалдан авах боломжгүй болж байна.” хэмээн тэр өгүүлсэн.

Өнгөрсөн жилийн 3 сар дах Английн супер маркетуудын хоосорсон лангуу

Ямар нэгэн зүйл хаа нэгтээ доголдож улмаар хомсдол бий болоогүй л бол бид дэлхий нийтийг хамарсан нийлүүлэлтийн сүлжээний менежментийн талаар тэр бүр анхаарч ойшоодоггүй. Цар тахлын хөл хорионы улмаас хүмүүсийн хөдөлгөөн, бүтээгдэхүүнүүдийн тээвэрлэлт хумигдаж, үүнээс болж сандарсан иргэдийн худалдан авалт үүссэн нь үүний нэг илрэл.

Ирээдүйд хомсдол үүсгэхгүйн тулд нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхэд юуг анхаарах вэ?

Нийлүүлэлтийн сүлжээний менежментийг судлагч Cardiff Их сургуулийн Доктор Лаура Пурвис, “олон бизнесийн байгууллагууд хөл хорионы улмаас үүссэн хомсдолыг даван гарах чадваргүй байлаа” гэв.

Тэрбээр Их Британийн супермаркетууд эрэлтийн урьдчилсан таамаглалынхаа дагуу бүтээгдэхүүнээ нийлүүлдэг жишээг үзүүлэв. “Тавиурын хүртээмжийг дээд зэргээр нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний хуучралтыг багасгах зорилгоор эдгээр таамаглалуудыг тэд урьдчилан боловсруулж, сайтар зохион байгуулдаг.”

Цар тахлын улмаас лаазалсан бүтээгдэхүүн, oo-ын цаас гэх мэт зарим бүтээгдэхүүний эрэлт эрс нэмэгдсэн бол иргэд гэрээсээ ажиллах болсноор өдрийн цайнд нь зориулан бэлдсэн хавчуургатай талхи гэх мэт зүйлсийн эрэлт огцом унаж цаашилбал тээвэрлэлт багассаар зарим нийлүүлэлтийн сүлжээний хэвийн ажиллагаа тасалдсан.

Тэрээр “супермаркетууд болон бусад жижиглэн худалдаачид ханган нийлүүлэгчдээ өргөтгөх, нийлүүлэлтийн сүлжээг хянах болон хариу мэдээлэл авах тогтолцоог аль болох цахимжуулах хэрэгтэй ба ингэснээрээ эрэлтийн өөрчлөлтийн талаарх мэдээллүүд нийлүүлэгчдэд илүү хурдан очих болно” гэлээ.

Энэ нь хэдийгээр “ил тод” байдлыг илүүтэй бий болгох ч зарим жижиглэнгийн худалдаачид үүнд болгоомжтой хандаж буйг тэрээр анхааруулав. “Нийлүүлэлтийн сүлжээний бүх шат дамжлага ил тод байхын ач холбогдлыг хэн хүнгүй зөвшөөрдөг ч үүнийг хэрэгжүүлэх нь хялбар байдаггүй.

“Компаниуд нийлүүлэгчиддээ мэдээллээ хуваалцсанаар өрсөлдөөний давуу талаа алдах вий гэсэн болгоомжлол, түүнчлэн соёл, ажиллах хэв маягийн ялгаа, хэрэглэдэг компьютерийн платформуудынх нь харилцан үл тохирох байдал, ялангуяа дэлхий нийтийн шинж чанартай нийлүүлэлтийн сүлжээнүүдийн хоорондох үл нийцэл гээд олон зүйл нь нийлүүлэлтийн сүлжээний шат дамжлага бүрийн ил тод байдлыг бий болгоход өөр өөрийн бэршээлийг үүсгэж байдаг.

“Энэ байдал нь эргээд байгууллагуудыг нийлүүлэлтийн сүлжээнд байгаа эрсдэлийг мэдрэх чадваргүй эсвэл цаг алдахад хүргэж улмаар тэдний өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлнө”

Өдгөө компаниуд шошгонд цахим өгөгдлийг суулгаж бар код болон радио давтамжийн таних тэмдэг ашиглан өөрийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн сүлжээний аль шатанд явааг яг таг мэдэх боломжтой болсон. “Цахимжуулалт нь амжилттай нийлүүлэлтийн сүлжээ бий болохын үндэс болоод байна”

Спортын хувцас үйлдвэрлэгч Nike компани нийлүүлэлтийн сүлжээгээ цахимжуулах үйл хэрэгт  их хэмжээний хөрөнгө оруулалт хэдий нь хийсэн байсан тул цар тахлын дэгдэлтийн үед шуурхай хариу арга хэмжээ авах боломжтой болсон байв. Ямар бараагаа хаана байгааг сайн мэдэж байсан тул тэдгээрийг гудамжны дэлгүүрүүдээс маш шуурхай  агуулахууд руугаа татан онлайнаар зарахад бэлэн болсон байдаг.

Nike нөөцөө дэлгүүрээс татсанаар онлайнаар зарж чадсан

Nike-ийн энэхүү туршлагаар ажиллахыг хүсэгч компаниуд өсөн нэмэгдэж буйг Ernst & Young группийн 2-р сард хийсэн судалгаагаар нотолжээ. Судалгаа нь мөн олон компани хиймэл оюун ухааны систем нэвтрүүлэх, түгээх төвүүдэд робот ашиглах, хүргэлт хийхэд дрон хэрэглэх боломжуудыг туршиж байгааг тогтоосон байна.

Гэхдээ нийлүүлэлтийн сүлжээг найдвартай ажиллуулахад заавал тийм өндөр түвшний технологи шаардагдах албагүй. Жишээлбэл, Британийн цэцэрлэгийн төв Squire өнгөрсөн жилийн хавар, зуны улиралд ургамал, цэцэрлэгжүүлэлтийн бүтээгдэхүүний борлуулалтаа эрс өсгөхөд нийлүүлэгчидтэйгээ тогтмол цахим уулзалт л хийсэн байдаг.

“Microsoft Teams meeting програм нь ханган нийлүүлэгчидтэйгээ нүүр нүүрээ харан мэдээлэл цаг алдалгүй солилцох боломж олгосон нь бидэнд хурдан шуурхай ажиллахад нөхцөлийг бүрдүүлсэн. Цахим  уулзалтууд биднийг бэлтгэн нийлүүлэгчидтэй маань улам бүр ойртуулж, бидний харилцаа холбоог бэхжүүлсэн.” гэж Squire-ийн худалдан авалтын захирал Darran Oakley хэлэв.

Squire-ийн эзэн Sarah Squire “манайх нийлүүлэлтийн сүлжээгээ богиносгохыг хичээж байна. Манай ургамлынхаа 80 хувийг Британид тэр дундаа ихэнх нь дэлгүүрийн салбар байдаг орон нутагт ургуулдаг. Зарим бусад бүтээгдэхүүний хувьд нийлүүлэлтийн шугамыг богиносгох, импортын хэмжээ бага байлгахыг бид бас хичээж байна” гэж хэллээ

McKensey Global Institute -ийн судалгааны төвийн худалдаа ба даяаршлын тэргүүлэх судлаач Susan Lund хэлэхдээ “Ковид нь компаниудыг ханган нийлүүлэлтийн сүлжээгээ бүхэлд нь эхнээс нь дуустал нь харж, эмзэг байдлыг бүрэн дүүрэн мэдэх шаардлагатайг ойлгуулсан” гэлээ.

Sarah Squire-ийн хэлснээр түүний гэр бүлийн эзэмшлийн цэцэрлэгжүүлэлтийн компанийн төв нь нийлүүлэлтийн сүлжээгээ улам богиносгохоор ажиллаж байна.

Шоколадны аварга үйлдвэрлэгч Марс ч яг энэ хэлбэрээр ажиллаж ирсэн байдаг. “Бид өөрийн олон жилийн түнш Care ТББ тай хамтран ажиллаж байна” гэж Марс-н Тогтвортой байдлын дэд ерөнхийлөгч Lisa Manley хэлэв.

“Бид нийлүүлэлтийн эмзэг сүлжээтэй Африк, Тайланд, Энэтхэг, Латин Америкийн бүс нутгуудад хувийн хамгаалалтын хувцас хэрэгсэл, эрүүл мэнд, аюулгүй байдлын талаархи анхааруулга, хүнсний бүтээгдэхүүн, зарим тохиолдолд бэлэн мөнгө хүргэж байна.

[Мөн] тэд нийлүүлэлтийн сүлжээнийхээ найдвартай байдлыг бэхжүүлэхэд туслах худалдан авалтын үйл ажиллагааны тайланг боловсруулахаар хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчид болон тэдний түнш ТББ байгууллагуудын удирдагчидтай ярилцлага хийжээ.

Норвегийн Gelato хэмээх фирм нийлүүлэлтийн сулжээнийхээ найдвартай ажиллагааг сайжруулах арга нь түүнийг богиносгох явдал гэж үзэж байна. Тэдний програм хангамж нь хувцас, ханын урлаг, ном зэрэг биет бүтээгдэхүүний цахим худалдаа эрхлэгчдийг дэлхийн өнцөг булан бүрт байрлах үйлдвэрлэгчидтэй хялбар холбогдох боломжийг олгодог.

Тухайлбал, Британийн хэвлэмэл урлагийн бүтээл борлуулагч хэдэн мянган бээрийн алс дахь Бразилаас захиалга авбал уг бүтээлийг Бразилийн компаниар хэвлүүлэн хүргүүлэх боломжтой болно гэсэн үг.

“Ирээдүйд хүргэх хугацаа богино, зардал болоод нүүрстөрөгчийн ялгарал бага байх болно” гэж Гелато компанийг үндэслэгч, гүйцэтгэх захирал Хенрик Мюллер-Хансен хэллээ.

Монгол улс ч дэлхий даяархи ноолуурын эрэлтийн огцом бууралтыг зохицуулах шаардлагатай болжээ.

Эргээд Монголын жишээн дээр хэлэхэд ноос ноолууран бүтээгдэхүүний дэлгүүрүүд хаагдаж, худалдан авагчид гэртээ суух болсноос улбаалан цар тахлын дэгдэлт ноолуурын экспортод нөлөөлж буйг Наранцэцэг шиг малчид ч анзааржээ.

Тэрээр ноос ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ эргэн хэвэндээ хурдан орж борлуулалт өсөх байх хэмээн найдаж байгаа бөгөөд “амьдралын түвшин буурч, малчид хүнд нөхцөлд орж болзошгүй байгаад” санаа зовж буйгаа өгүүлсэн юм.

Орчуулсан: Д.Цэрэнбат, Тогтвортой ноос ноолуурын эвсэл, Их Британи