8 дугаар сарын 23-нд SFA-ээс тогтвортой арга ажиллагааг дэмжин мал аж ахуйгаа эрхэлж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхэд хичээл зүтгэл гарган манлайлан ажилласан малчид, хоршоодод “SFA Sustainability Award” гүйцэтгэлд суурилсан шагнал урамшуулал гардуулах ёслолын үйл ажиллагаа болж өнгөрлөө.

Арга хэмжээний үеэр:

  • Чанарыг сайжруулагч шилдэг малчны байгууллагаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын “Завхан буурал” хоршоо шалгарч өргөмжлөл, 10 сая төгрөгний урамшуулал
  • Малын тавлаг байдлыг хангасан шилдэг малчны байгууллагаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын “Залаа шинэ эргэлт” хоршоо шалгарч өргөмжлөл, 10 cая төгрөгний урамшуулал
  • Бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлэгч шилдэг малчны байгууллагаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Явын булаг” хоршоо шалгарч өргөмжлөл, 10 сая төгрөгний урамшуулал
  • Шилдэг малчин эмэгтэйгээр 6 хүн шалгарч тус бүр 1,5 сая төгрөгний урамшуулал
  • Шилдэг сургагч багшаар 6 хүн шалгарч тус бүр 1,5 сая төгрөгний урамшуулал
  • Шилдэг залуу малчинаар 3 хүн шалгарч тус бүр 1 сая төгрөгний урамшуулал
  • НҮБХХ-ийн дэргэдэх Монголын Тогтвортой Ноолуурын Платформын нэрэмжит шагнал, урамшууллаар өртгийн сүлжээний хамтарсан туршилтын төсөлд амжилттай оролцсон 3 хоршоо шагнууллаа. Шагнал урамшуулал олгох үеэр дотоодын гишүүн үйлдвэрүүд мөн өөрсдийн хамтран ажилладаг түнш малчдын байгууллагууддаа гарын бэлгээ гардуулсан юм.

Малчид, хоршоодыг урамшуулж буй энэхүү мөнгөн шагнал нь брэндүүд тэднийг дэмжиж, цаашлаад хийж буй ажилд талархаж байна гэдгийг ТННЭ-ийн ТУЗ-ын дарга Чарьлз Хаббард онцлов.

ТННЭ нь анхнаасаа малчдыг олон улсын зах зээлд холбож, брэндүүдийн юу хүсэн хүлээж байдаг талаар малчдад мэдлэг олгох зорилготойгоор байгуулагдсан. Энэхүү мэдлэгийн олж авснаар малчид зах зээлд чиглэсэн үр ашигтай ухаалаг аж ахуй эрхлэх загварт шилжих юм.
Тиймээс ч энэхүү арга хэмжээг бид ноолуурын нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч бүх талуудын урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, тогтвортойгоор ноолуур бэлтгэн нийлүүлэгчдийн хөдөлмөр, хичээнгүй үйлсийг үнэлэх зорилготой жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.