ТННЭ-ийн стандарт системийн талаарх тойм танилцуулгыг Стандарт ба тохирлын баталгаажуулалт хариуцсан менежер Лесли Колвин илтгэл тавьсныг та бүхэнд хүргэж байна.
Тогтвортой ноос ноолуурын эвслийн стандартын систем хэрхэн анх эхэлсэн бэ?
2016 онд Бэлчээрийн зохистой менежментийн багц дүрмийг боловсруулсан. Энэ нь малчин өрх, бүлгүүдэд зориулсан бөгөөд үүний зорилго нь мал амьтадтайгаа хуваан ашиглаж буй газар нутгийг хамгаалах ажилд ахиц дэвшил гарч байгааг харуулах явдал байсан юм. Энэ хүрээнд бидний дараагийн хөгжүүлэлт бол малчин өрх бүрт зориулагдсан малын арчилгаа маллагаа болон ноолуур самнаж хураах зохистой дадлын багц дүрэм байв. Үүгээр малчид малаа хэрхэн сайжруулж асарч байгаагаа нотлон харуулж чадах юм.
2019 онд Монголд Цэвэр ноолуур боловсруулах зохистой дадлын багц дүрмийг хэрэгжүүлж эхлэхдээ ноос ноолуурыг цэвэрлэж ялгаж бэлтгэх үйлдвэрлэлийн шат дамжлагын явцын улмаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилгоор анхан шатны боловсруулах үйлдвэрүүдэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажилласан.
Тухайн цаг үед бүх ажил Монголд хийгдэж байсан боловч ТННЭ нь Азийн бусад улс орнуудын сонирхлыг улам бүр татаж эхэлсэн байлаа. Тиймээс 2020 онд ICCAW буюу Мал амьтны арчилгаа маллагааны олон улсын хамтын ажиллагааны хороотой хамтран түншлэх замаар БНХАУ-д малын зохистой арчилгаа маллагааны багц дүрмийг нэвтрүүлж эхэлсэн.
Үүний зэрэгцээ нийлүүлэлтийн мөшгөлтийн тогтолцоог Монголд туршиж эхэлсэн бөгөөд ТННЭ-ийн баталгаажуулсан ноолуурыг нийлүүлэлтийн бүх сүлжээний хүрээнд хянах боломжтой бөгөөд үүний үр дүнд хариуцлагатай үйлдвэрлэсэн ноолууран ширхэгтийг агуулсан бүтээгдэхүүнүүд бий болох юм. Мөн энэ жил 2021 онд бид нийлүүлэлтийн мөшгөлтийн тогтолцоог Хятадад туршиж эхэлж байна.
Стандартыг хэрхэн боловсруулж авч хэрэгжүүлж, бүрэлдэхүүн хэсгүүдийг хэрхэн баталгаажуулах, стандартын үзүүлсэн нөлөөллийг хэрхэн тодорхойлох талаарх ойлголтуудыг бий болгодог зохистой дадлын 3 багц дүрэм нь ТННЭ-ийн Тогтвортой ноолуурын стандарт (SFA Cashmere Standard) болж хөгжих бөгөөд хэсэг тус бүр нь боловсруулж гаргасан иж бүрэн олон бодлого журмуудад тулгуурласан байдаг. Уг журамд нийцэж тохируулан ажилласнаар ноолуурыг хэрхэн үйлдвэрлэж боловсруулж байгаа, нөхцөлөө хэрхэн сайжруулах тал дээр тууштай ажиллаж буйгаа нотлон харуулж байна.
Нийлүүлэлтийн сүлжээнд оролцогчид нь холбогдох шаардлага стандартуудын дагуу үнэлгээнд орж аудит хийлгээгүй тохиолдолд ТННЭ-ийн нийлүүлэлтийн мөшгөлтийн сүлжээнд оролцох боломжгүй юм. SFA-ийн гишүүн байгууллагууд нь тогтвортой зарчмаар үйлдвэрлэсэн болон боловсруулсан ноос ноолуурыг баталгаатай түншүүдээс итгэлтэйгээр авах боломжтой.
Стандартад тохируулан ажиллаж байгаагаа харуулснаар ТННЭ-ийн баталгаажсан ноос ноолууран ширхэгт нь худалдан авагчдад таалагддаг тул урьд өмнө байгаагүй тийм зах зээлийг нээж өгдөг.