Бен Олвард, Киран Брэнд нарын 2021 оны 11 сарын 3-нд www.heraldscotland.com-д  бичсэн нийтлэлийн орчуулга 

Монгол улс нь Чингис хааны байлдан дагуулалтын үеийн түүхэн замналаар дэлхийд танигдсан улс билээ.

Хэдийгээр цаг үе өөр болсон ч дээр үед бий болсон ёс заншил нь эдүгээ цаг үед ч хөдөө нутагт суурьшиж буй малчдаар дамжин оршин тогтносоор байна.

Гэсэн хэдий ч Монголын түүхэнд олон сая хүний амьдралыг өөрчилж, эртний уламжлалыг эрсдэлд оруулж болзошгүй шинэ үйл явдал бичигдэж байна. Энэ бол Уур амьсгалын өөрчлөлтийн бөгөөд энэ зууны сүүл гэхэд Монгол улсад агаарын температур дөрвөн хэмээр нэмэгдэнэ гэж Дэлхийн Банк тооцоолжээ.

Хүн амын гуравны нэг гаруй нь хөдөө аж ахуй эрхэлдэг бөгөөд гол төлөв малчид байдаг тул уур амьсгалын өөрчлөлтын нөлөөнд малчдын амьжиргаа доошилж, үе дамжсан ёс заншил алдагдах эрсдэлтэй байна.

Олон малчид цаг агаарын хүнд нөхцлөөс болж хөдөө орон нутгийг орхин хүн амын нягтшил ихэдсэн суурин хот руу нүүхээс өөр аргагүйд хүрч байна. Бусад нь газар тариалангаа бүрмөсөн орхиод байна.

Бид Монголын 2 хүүхэдтэй ярилцаж, уур амьсгалын өөрчлөлт хэрхэн тэдний амьдралд нөлөөлж буй талаар ярилцлаа. Үе тэнгийнхэндээ Гончиг хэмээн дуудуулдаг Бямбасүрэнгийн Гончигсум нь зун болгон эмээ дээрээ очиж мал хариулахад нь тусалдаг.

“Би өглөө эрт босож, адуундаа явж, унагаа уядаг, дараа нь үхрээ хурааж, тугалаа эвлэдэг. Тэгээд дараа нь хонь ямаагаа хариулдаг.” 14 настай өсвөр насны хүү болон түүний эмээ Хандсүрэн нь Монголын хөдөөд амьжиргаагаа залгуулдаг малчид юм. Цаг агаарын хүндрэл, газрын доройтлын улмаас олон хүн хөдөө орон нутгийг орхин нийслэл Улаанбаатар хотыг зорьж байна.

Бэлчээрийн газрын өөрчлөлтийн талаар Гончиг ийн хэлэв: “Өвөө, эмээгийн үед ургамал, ногоо нь чанартай, цаг агаар ч их сайхан байсан гэж ярьдаг. Одоо бол ер нь ургадаг ногоо нь ургахаа больж, мал иддэггүй өмхий ногоо их ургадаг болсон. Жил ирэх тусам л цаг агаар хэцүү болж байна.” “Намартаа өвсөө сайн бэлдэхгүй бол малчдад зуд болоход ер нь их хэцүү байдаг. Мал бэлчиж болохгүй, ер нь хотноосоо гарахгүй хэцүү болдог” гэж Гончиг хэлэв.

Сүүлийн 70 жилийн хугацаанд Монгол орны дундаж температур хоёр гаруй градусаар нэмэгдэж, гандуу зун, хүйтэн өвөл нь мал сүрэгт ихээхэн хүндрэлтэй байна. 2009 оны өвөл Монголд 9.7 сая гаруй толгой мал хорогдсон нь түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт байсан юм.

Гончиг болон түүний эмээ нь малаа шинэ бэлчээр рүү нүүлгэснээр эрс тэс уур амьсгалын улмаас учирдаг хохирлыг багасгаж болно гэдэгт итгэдэг. “Манайх өвөлжөөндөө тэдэн сарын тэдэнд бууна, хаваржаандаа тэдэн сарын тэдэнд бууна гэсэн тодорхой өдрүүдтэй байдаг, тэгж байж өвс ногоогоо хамгаална” гэж Гончиг хэлэв.

Гончиг хэдийгээр дөнгөж дунд сургуульд сурч байгаа ч өвөг дээдсийнхээ адил өөрийн гэсэн сүрэг малтай болохыг мөрөөддөг. Хэрэв 2080 он гэхэд Монголд агаарын температур дөрвөн хэмээр нэмэгдвэл Гончиг хүүгийн мэдэх хөдөөгийн мал аж ахуй эрхлэлт удахгүй дуусах юм.

17 настай Гэрэлмаа охин Монгол орны өмнөд хэсэгт байрлах Говь нутагт амьдардаг.

Говь бол дэлхийн хамгийн хурдацтай тэлж буй элсэн цөл бөгөөд жил бүр 2250 миль өвслөг бэлчээр хуурай, үржил шимгүй элсэн манхан болон хувирж байгаа бөгөөд энэ үзүүлэлт нь улам бүр хурдассаар байна.

Гэрэлмаагийн хувьд энэ нөхцөл байдал нь хүүхэд насны дурсамж дахь амьдралаас нь тэс өөр юм. “Намайг бага байхад хур тунадас их, ган гачиг бага, мал нь эрүүл, сүү, цагаан идээ элбэг байсан. Гэвч одоо уур амьсгалын өөрчлөлтөөс болж ган гачиг нэмэгдэн, нар улам бүр халуун болсон, заримдаа бүр тэсэхийн аргагүй халуун болдог” гэж тэр хэлэв. Гангийн давтамж ихсэж байгаа нь мөн элсэн шуурга улам бүр түгээмэл болохийн илрэл юм.

“Говьд шуурга болоход маш их шороо босож, хуурайшилт ихэсдэг. Ялангуяа хавар гадаа байгаа зүйл харагдахгүй болох тохиолдол их байдаг. Шуурга шуурснаас болж арьс хуурайших, ханиалгах гэх мэт сөрөг нөлөө гардаг. ”Хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа ч Гэрэлмаа охины сумын иргэд бууж өгөөгүй бөгөөд цаашид цөлжилтийг зогсоохын тулд чадах бүхнээ хийж байна.

“Манай сумын хүн бүр жилд дор хаяж 3 мод тарьдаг, сумын хашаануудыг харвал айл болгон модтой байдаг. Бид 2 том ногоон байгууламжтай, ногоон байгууламж дотроо мод, жимс, жимсгэнэ бүгдийн тарьдаг. Үүнд би болон манай сумынхан, ЕБС-ийн сурагчид гээд бүгд гар бие оролцдог.” Харамсалтай нь энэ бүх ажил нь их хэмжээний цөлжилтөөс сэргийлэхэд хангалтгүй юм.

Үүний тулд илүү их дэлхийн хэмжээний үйл ажиллагааг явуулах хэрэгтэй байна. Дэлхийн удирдагчид Глазго дахь COP26-д цугларч байгаа бөгөөд тэдэнд зориулан Гэрэлмаа охин нэгэн захиасыг хүргэж байна.

“Монгол оронд тулгараад буй цөлжилт, хур тунадас багассан, хуурайшилт ихэссэн асуудлуудыг дэлхий нийт сайн мэдэхгүй байгаа гэж бодож байна. Манай дэлхий 7 тэрбум хүнтэй, хэрвээ 1 хүн өдөрт 1 мод таривал бид дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх хэмжээний модыг тарьж чадах юм. Тийм учраас дэлхийн удирдагч та бүхнийг дэлхийгээ хамгаалан мод тарьцгаая гэж уриалмаар байна.”

Орчуулсан: Д.Нямжаргал, Тогтвортой ноос ноолуурын эвсэл, Монгол