Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай ноолуурын бэлтгэн нийлүүлэлт, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ХААН Банктай хамтран “Тогтвортой ноос ноолуурын нийлүүлэлтийг дэмжих” ногоон зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Бэлтгэн нийлүүлэгч малчдын байгууллага, хоршоодын өмнө тулгамддаг санхүүгийн асуудлыг шийдэхийн тулд 2018 онооc хойш явуулж ирсэн олон талын судалгаа шинжилгээ, зээлийн хөтөлбөрийн туршлагыг үндэслэн энэхүү хөтөлбөрийг бид хамтдаа санаачиллаа.

2022 онд Мал маллагаа, бэлчээр ашиглах зохистой дадлыг өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлж ТННЭ-ийн Баталгаажилттай болcон нийт 37 хоршоог сонгон шалгаруулж зээлийн бүтээгдэхүүнээр туршилтын хугацаанд санхүүжүүлэхээр төлөвлөөд байна.

Тогтвортой ноос ноолуур нийлүүлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй гол асуудал нь тогтвортой санхүүжилт юм. Монгол улсын хэмжээнд 2020 онд 281.8 сая ам.долларын угаасан болон самнасан ноолуурын экспортолсон бөгөөд үүнээс ТННЭ-ийн хүрээнд 1.5 cая ам.долларын самнасан ноолуур экспортолсон.

ХААН Банкны зүгээс тогтвортой санхүүжилтээр дэмжсэнээр ТННЭ-ийн гишүүн байгууллагуудад нийлүүлэх ноолуурын хэмжээг нэмэгдүүлэх замаар нийт экспортолж байгаа ноолуурыг өртөг шингэсэн үнээр олон улсын нэр хүндтэй брендүүдэд тогтвортой нийлүүлэх цаашлаад ноолуурын нийлүүлэлт ба үйлдвэрлэлд эерэг нөлөөллийг бий болгох, ноолуурын салбарыг тогтвортой байдлын зарчимд нийцүүлэн хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжиж буй юм.

Зээлд хамрагдах хоршоодод ТННЭ-ийн баталгаажилттай байх, ТННЭ-ийн гишүүн боловсруулах үйлдвэрүүд, арилжаа эрхлэгчидтэй “Түүхий эд бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулсан байх шаардлага тавих бөгөөд зохистой дадлыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, баталгаажсан хоршоодын ноолуур бэлтгэн нийлүүлэх эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор олгож буй зээл юм.

Өнөөдрийн онлайн уулзалтаар “Тогтвортой ноос ноолуурын нийлүүлэлтийг дэмжих” ногоон зээлийн хөтөлбөрийг танилцуулж байгаа бөгөөд ХААН Банкны Жижиг дунд бизнесийн газар, Зээлийн бодлого зохицуулалтын газраас уулзалтанд оролцож ТННЭ-ийн баталгаажилттай 45 хоршоодын удирлага, төлөөлөлд зээлийн талаар мэдээлэл өгч санал бодлыг нь сонслоо.