Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ), Говь ХК, Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ) хамтран бэлчээрийн менежментийг сайжруулах малын тоо толгойг зохицуулах, бэлчээрийн даацтай уялдуулах, малын үүлдэр угсааг сайжруулах зэрэг Монгол Улсын уур амьсгалын төлөвлөгөөнд тусгагдсан гол үйл ажиллагаануудыг шийдвэрлэсэн “Тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих (2019-2021)” хөтөлбөрийг 3 жилийн хугацаатай хэрэгжүүллээ.
Газарзүйн байршлаараа ялгаатай хоёр суманд хэрэгжсэн тус хөтөлбөр нь сайн дурын, гэрчилгээ олгох схемээр дамжуулан мал аж ахуй, байгаль орчны менежмент дэх сайн туршлагуудыг дэмжих байдлаар Монголын малчдын байгууллагуудын өрсөлдөх чадварыг бэхжүүлэхийг зорьсон.
Малчдын мал маллагаа болон тэдний амьжиргаанд шууд болон дам байдлаар нөлөөлж буй хүчин зүйлүүдийн нөлөөллийг бууруулах чиглэлээр хувийн хэвшил, олон улсын эвслүүд хамтран малын гаралтай түүхий эдийг тогтвортой үйлдвэрлэх, малчдын санаачилга, хувь нэмэр болон оролцоог сайжруулахад дэмжих юм.
ЗӨВЛӨМЖ 2-Р ХЭСЭГ. БЭЛЧЭЭРИЙН ДАСАН ЗОХИЦОХ МЕНЕЖМЕНТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР МАЛЧДЫН ХОРШООДЫН АГЕНТ БАЙГУУЛАХ
Хоршоодын тухай хуулийг 1990-ээд оны эхэн үед (1998, 2021 онд шинэчилсэн) мөрдөж эхэлсэн ч хуучнаар нэгдлийн аж ахуйн түүхий эд бэлтгэлийн бүтэц тогтолцоог шинэлэг нөхцөлд оновчтой хувирган үргэлжлүүлэх төсөл болон хөгжлийн агентлагууд байсангүй. Үүний оронд гадаадын хандивлагчдын төсөл хөтөлбөр нь ихэвчлэн нутгийн иргэдэд түшиглэсэн албан бус бүлэг хэсгүүдийн хөгжлийг дэмжих байдлаар төөрөгдөл үүсгэж, малчдын хоршоодыг ханган нийлүүлэлтийн сүлжээний оролцогчийн шаардлага хангасан хуулийн этгээд хэлбэрээр байгуулахын ач холбогдлыг алдагдуулсаар ирсэн. Монгол улсын мал аж ахуйн тогтолцоо нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн хүрээнд хөгжиж, олон арван жилийн турш нэгдлийн мал маллаж буй малчид нь тодорхой норм, дэглэмд баригдаж ирсэн тул чөлөөт зах зээлд худалдаа бэлтгэл ба нийлүүлэлтийг явуулах мэдлэг, чадавхи, тогтолцоо (малчдын хоршоодын агент болж) бүрэлдээгүй байсан. Тиймээс бид малчдын хоршоодод бэлтгэн нийлүүлэлтийг явуулах чадвар, чадамжтай болох тал дээр ажиллах ёстой.
- Малчдын дасан зохицох урт-хугацааны чадавхийг бэхжүүлэхийн тулд мал аж ахуйн зах зээлд байр суурь, эрх, үүрэг хариуцлагатай ноос, ноолуурын үйлдвэрлэгч болох малчдын дуу хоолойг төлөөлдөг, сайн үйл ажиллагаатай байгууллага хэлбэрээр малчдын хоршоодыг хөгжүүлэхэд илүү дэмжлэг үзүүлэх шаардлагатай.

- Малчдын хоршоод гишүүдийнхээ цаг хугацаа, хүчин чармайлтыг зөвөөр үнэлэхийн тулд малчин өрхөд эдийн засгийн бодит өгөөжийг өгөх шаардлагатай. Баталгаажсан бүтээгдэхүүний гарал үүслийг мөшгөж, малчдыг Монголын боловсруулах үйлдвэрийн сүлжээтэй холбох тогтолцоо нь малчдад нэмэгдэл үнийн урамшууллын боломж олгож, хоршооны гишүүнчлэлтэй болох сэдлийг нь өдөөх болно. Малчид цахимд суурилсан программууд, QR код ашиглах зэрэг дижитал мөшгөх хэрэгслийн тусламжтайгаар нийлүүлэлтийн сүлжээний үйл явцын туршид илүү бие даасан байдлыг олж авах боломжтой болно.

- Малчдын хоршоо болон бэлчээр ба байгалийн нөөцийн үнэлгээ, төлөвлөлт, мониторинг хариуцаж буй сумын түвшний төрийн албан хаагчдын хоорондын мэдээлэл солилцох, мэргэжил аргазүйн заавар туслалцаа өгч, авах арга хэмжээ хэвшүүлэх.

- Оновчтой сургалт, мэдээлэл, танин мэдэхүйн арга замаар бэлтгэн нийлүүлэгч малчдын хоршоодод ноолуурын бэлтгэл, борлуулалт, чанарын хяналт, баталгаажилтын талаарх ойлголт, мэдлэг, ур чадвар эзэмших хүртээмжийг нэмэгдүүлэх.
Ноос, ноолуурын бэлтгэлийн чанарын үзүүлэлт, сав баглаа, гарал үүслийг гэрчлэх, бүртгэх (мөшгөлт) зэрэг худалдан авагчийн шаардлагыг хангаснаар зах зээлд хэрхэн оролцох, нэмэгдэл үнийн урамшуулал хүртэх үйл явц, шалгуурын талаарх мэдээллийг ойлгомжтой, хүртээмжтэй болгох.
Малчин эмэгтэйчүүдийг ноос ноолуур ангилан бэлтгэх чиглэлээр сургах, тэдний манлайлах чадавхийг хөгжүүлэхэд анхаарах


- Боловсруулах үйлдвэрүүдийг ноос ноолуур бэлтгэх асуудлаар малчдын хоршоодтой бэлтгэлийн шаардлагыг тодорхой тусгасан гэрээ байгуулж, өмнөх худалдан авалтын үйл явц, гологдол дутагдалтай талуудын талаар мэдээлэл солилцоо, эргэх холбоотой байж шууд харилцаж байхыг нь дэмжих. Баталгаажсан малчдын хоршоодтой гэрээ байгуулсан боловсруулах үйлдвэрт санхүүгийн урамшуулалтай эх үүсвэрийг санал болгож болох юм.

- Малчид Цаг уур, орчны шинжилгээний газрын хяналт, үнэлгээний мэдээлэл, нэн ялангуяа өвс тэжээлийн нөөц, улирлын төлөв байдал, доройтлын түвшин, даацын тооцооны мэдээллийг хэрэглэгчийн үүднээс бүрэн авч ашигладаг байх шаардлагатай бөгөөд ингэснээр малчид бэлчээрийн газрын зохистой ашиглалт, улирлын нүүдэл болон малын тоогоо цөөрүүлэхтэй (борлуулалт) холбоотой шийдвэрээ бүрэн мэдээлэл дээр тулгуурлан гаргах боломжтой болох юм. Цаашид мал борлуулах зах зээлд холбох ажлыг дэмжих, бэлчээрийн хэт ашиглалтыг бууруулахын тулд Цаг уур орчны шинжилгээний газрын мониторингоор тодорхойлсон бэлчээрийн даац багтаамжаас малын тоо нь хэтэрсэн бүс нутгаас мах бэлтгэж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд төрөөс хөнгөлөлттэй зээл олгох, төсөл хөтөлбөрт хамруулах нөхцөл байж болох юм.

