Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ), Говь ХК, Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ) хамтран бэлчээрийн менежментийг сайжруулах малын тоо толгойг зохицуулах, бэлчээрийн даацтай уялдуулах, малын үүлдэр угсааг сайжруулах зэрэг Монгол Улсын уур амьсгалын төлөвлөгөөнд тусгагдсан гол үйл ажиллагаануудыг шийдвэрлэсэн “Тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих (2019-2021)” хөтөлбөрийг 3 жилийн хугацаатай хэрэгжүүллээ.
Газарзүйн байршлаараа ялгаатай хоёр суманд хэрэгжсэн тус хөтөлбөр нь сайн дурын, гэрчилгээ олгох схемээр дамжуулан мал аж ахуй, байгаль орчны менежмент дэх сайн туршлагуудыг дэмжих байдлаар Монголын малчдын байгууллагуудын өрсөлдөх чадварыг бэхжүүлэхийг зорьсон.
Малчдын мал маллагаа болон тэдний амьжиргаанд шууд болон дам байдлаар нөлөөлж буй хүчин зүйлүүдийн нөлөөллийг бууруулах чиглэлээр хувийн хэвшил, олон улсын эвслүүд хамтран малын гаралтай түүхий эдийг тогтвортой үйлдвэрлэх, малчдын санаачилга, хувь нэмэр болон оролцоог сайжруулахад дэмжих юм.
ЗӨВЛӨМЖ 3-Р ХЭСЭГ. МОНГОЛ УЛСАД ОЛОН УЛСЫН ЭВСЭЛ, ХОЛБООДЫГ ДЭМЖИХ ЗАМААР ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ ИДЭВХИЖҮҮЛЭХ
Монголын ноолуурын салбарын хувьд бүрэн нөөц боломжоо хэрэгжүүлэхийн тулд дотоодын байр суурь гэхээс илүү дэлхийн чиг хандлагыг нутагшуулах хэрэгтэй. Засгийн газраас төр-хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-н эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, мэдлэг ба технологийн дамжуулалт хийхэд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх алхмуудыг хийж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Улсын Их Хурал болон холбогдох Байнгын хороонд өргөн мэдүүлсэн. Энэ салбарт хэрэгжиж буй гадаадын төслүүд малчдын хоршоог хязгаарлагдмал зах зээлийн худалдан авагчтай холбох байдлаар явагдаж буй өнөөгийн арга барилаас давж, харин оронд нь олон төрлийн худалдан авагчдыг төлөөлөх чадамжтай олон улсын эвсэл, холбоодтой түншлэхийг эрмэлзэх хэрэгтэй.
- Монгол Улсын гадаад худалдааны хөтөлбөрийн хүрээнд ноолуур дэлхийн хэмжээний олон талт зах зээлийг хамарсан түүхий эд, бүтээгдэхүүн гэдгийг хүлээн зөвшөөрсөн, гадаад дотоодын эвсэл холбоод Монголын ноолуур олон улсын зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн гэх нэр хүндийг сэргээхийг эрмэлзэж байх хэрэгтэй.

- Засгийн газраас малчдын хоршоо, мал аж ахуйн салбарын боловсруулах үйлдвэр болон бусад үндэсний холбоодыг холбох олон улсын худалдан авагчидтай, олон улсын эвслийн төлөөлөгчийн газрыг байгуулагдахад нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай.

- Тогтвортой ноос ноолуурын эвсэл гэх мэт олон улсын мэргэжлийн холбоо нь гадаадын худалдан авагчдын өргөн сонголттой гишүүнчлэлийн баазыг төлөөлдөг, жижиг дунд нийлүүлэгчид жижиг дундын худалдан авагчидтай, томоохон нийлүүлэгчид нь том худалдан авагчидтай тохирох бизнесээс бизнест (B2B) түншлэлийг хөгжүүлэх боломжтой.
