Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ), Говь ХК, Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ) хамтран бэлчээрийн менежментийг сайжруулах малын тоо толгойг зохицуулах, бэлчээрийн даацтай уялдуулах, малын үүлдэр угсааг сайжруулах зэрэг Монгол Улсын уур амьсгалын төлөвлөгөөнд тусгагдсан гол үйл ажиллагаануудыг шийдвэрлэсэн “Тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих (2019-2021)” хөтөлбөрийг 3 жилийн хугацаатай хэрэгжүүллээ.
Газарзүйн байршлаараа ялгаатай хоёр суманд хэрэгжсэн тус хөтөлбөр нь сайн дурын, гэрчилгээ олгох схемээр дамжуулан мал аж ахуй, байгаль орчны менежмент дэх сайн туршлагуудыг дэмжих байдлаар Монголын малчдын байгууллагуудын өрсөлдөх чадварыг бэхжүүлэхийг зорьсон.
Малчдын мал маллагаа болон тэдний амьжиргаанд шууд болон дам байдлаар нөлөөлж буй хүчин зүйлүүдийн нөлөөллийг бууруулах чиглэлээр хувийн хэвшил, олон улсын эвслүүд хамтран малын гаралтай түүхий эдийг тогтвортой үйлдвэрлэх, малчдын санаачилга, хувь нэмэр болон оролцоог сайжруулахад дэмжих юм.
ЗӨВЛӨМЖ 4-Р ХЭСЭГ. ӨРГӨН ХҮРЭЭНД НЭВТРҮҮЛЭХ ШИЙДЛҮҮДИЙГ ЭРЭЛХИЙЛЭХ
Өнөөдрийг хүртэл Монгол Улсад тогтвортой ханган нийлүүлэлт/өртгийн сүлжээг хөгжүүлэх үндэсний чадавхийг нэмэгдүүлэх санаачилгууд нь хязгаарлагдмал хүрээнд, ихэвчлэн нэг суманд нэг буюу цөөн тооны малчдын бүлэг, хоршоодод чиглэсэн байдлаар ажиллаж байна. Эдгээр төсөл хөтөлбөр нь шинэлэг санаа туршиж, үйлчилж буй орон нутагтаа тодорхой үр өгөөж, тодорхой боломж дэвшлийг үүсгэх боловч эдгээр хумигдмал цар хүрээтэй, өндөр хөрөнгө оруулалт бүхий санаачилгууд нь бүхэл салбарын өсөлтөд шаардлагатай өөрчлөлт хийхэд хангалтгүй байна. Гадны дэмжлэгтэй нутгийн иргэдийн санаачилгуудын амжилт нь санхүүгийн туслалцаа, хөрөнгө оруулалт болон төслийн багаас хамааралтай байдаг нь шийдлийг өөр газарт түгээж, цар хүрээг нь өргөжүүлэх боломжийг эрс хязгаарлаж байгаа болохыг судалгаагаар баталсан (MOR2 бодлогын хураангуй, Батхишиг Байвал & Фернандес-Гименес, 2012).
- Хоршооллын тухай хуульд саяхан оруулсан нэмэлт, өөрчлөлт дээр тулгуурлан Монгол Улс төслийн хөрөнгө оруулалт их шаарддаг (санхүүжүүлэгчээс хамааралтай) загвараас татгалзаж, үндэснийхээ бүтэц, нөөц бололцоонд тулгуурлан өөрийгөө хангах загвар руу шилжих шаардлагатай байна.

- Энэхүү төслөөр үзүүлсэн загвар нь бага санхүүжилтээр, зах зээлд суурилсан байдлаар, малчдын хоршоодыг үндэсний болон олон улсын зах зээлтэй холбож, баталгаажсан ноолуурын нэмүү үнийн урамшуулал хүртээхийн тулд илүү хариуцлагатай үйлдвэрлэлийг арга туршлагыг хэрэгжүүлэх түлхэц болсон. Энэ арга нь хандивлагчдын их хэмжээтэй богино хугацааны санхүүжилт олгохоос илүүтэй малчид ба үйлдвэрлэгчийн хувьд өөрийн байр суурийг бэхжүүлэх, дотоод нөөц бололцоогоо сайжруулах замаар чөлөөт зах зээл дээр хэрхэн ажиллах талаар өөрсдийн туршлагаас суралцах явдал юм.

- Мэргэшүүлэх түр сургалтад хамрагдах боломжийг улс орон даяар малчид болон хоршоодод ойр, хүртээмжтэй болгох хэрэгтэй. Энэ нь малчдад өөрийн ажлын байрнаас удаан хугацаагар холдохгүйгээр, богино хугацаанд мэргэжлийн ур чадвар, чадамж эзэмшүүлэх, үүний зэрэгцээгээр мал сүргийн болон бэлчээрийг тогтвортой байдлыг үр ашигтай удирдахад үйлдвэрлэгч малчдын мэдлэгийн бааз, чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах боломжийг олгох юм.

- Өнөөгийн нөхцөлд олон төрийн бус байгууллага, гадны санхүүжилттэй санаачилгуудын шаарддаг өргөн хүрээний мониторинг хийх эсвэл газрын нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулахад цаг хугацаа, санхүүгийн эх үүсвэргүй малчин өрхүүдэд энэ нь хэт их ачаалал өгч байна. Бэлчээр нь төрийн мэдэлд хэвээр байгаа учраас төрөөс хариуцлагыг авч, малчдаа зөв зохистой бэлчээрийн менежментээр нь дэмжих хэрэгтэй.

- Сумдын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах сургалтын боломжоор хангах, ингэснээр үржлийн ажлыг (энэ төслөөр харуулсан селекц, зохиомол хээлтүүлэг, цөм сүргийн төслүүдийг оролцуулан) давтаж, өргөжүүлэн улс даяар сумдын түвшинд хэрэгжүүлэх боломжтой болох юм.

- Хэмжээ, чанар, гарал үүслийг мөшгөх боломжтой найдвартай шийдлүүд (Жишээлбэл: ТННЭ-ийн мөшгөлтийн загвар)-г дэмжих замаар нийлүүлэлтийн сүлжээний оролцогчдыг ноолуурын худалдааны далд эдийн засгийн “саарал зах зээл”-н загвараас холдох стратегийг дэмжих шаардлагатай байна.
