“Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн хүрээнд Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл-Sustainable Fibre Alliance-ээс Хэнтий аймгийн Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумдад Сумын бэлчээрийн өдөрлөгийг 8 сарын 1-2 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгөөр бэлчээр, бэлчээрийн газрыг төлөвлөх, зохистой ашиглахтай холбоотойгоор орон нутаг дахь төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын үзүүлдэг зарим үйлчилгээг малчид, малчдын байгууллагын төлөөллүүдэд таниулах, тэдний харилцан уялдаа, мэдээллийн солилцоог нэмэгдүүлэхийг зорьсон билээ.

Хоёр суманд зохион байгуулсан өдөрлөгт Дорнод, Хэнтий, Сухбаатар аймгуудын 11 сумдын цаг уурын мэргэжилтэн, газрын даамал, байгаль хамгаалагч, сум, багийн удирдлага, хоршооны удирдлага болон хоршооны малчдаас бүрдсэн нийт 60 орчим төлөөлөгчид оролцов.

Өдөрлөгийн хүрээнд УЦУОСМХүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны секторын эрхлэгч Доктор Б.Эрдэнэцэцэг “Бэлчээрийн даац” сэдвийн хүрээнд, Нутгийн үйлс ухаан сургалт судалгааны төвийн захирал Доктор Ц.Алтанзул ТННЭ болон ТННЭ-ийн Бэлчээр ашиглах зохистой дадлын танилцуулгыг хийв. Үүний дараа ТННЭ-ийн хэрэгжүүлдэг Шинэ зууны малчин сонгон суралцах хичээлийг судалсан Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч Б.Энхтөр манай орны хөдөө аж ахуй, байгаль орчин, соёлын өвд тулгамдсан асуудлуудыг хөндөн, шинэ зууны залуу малчны өнцгөөс харж бичсэн “Адуучны хүслэн” сэдэвт эссе бичвэрээ уншиж танилцуулсан нь өдөрлөгт оролцогчдын сэтгэлд хүрсэн билээ.

Мөн Бэлчээрийн даац, Бэлчээр ашиглах зохистой дадал, чөлөөт санал сэтгэгдлийн өртөөгөөр дамжуулан малчид, хоршооны төлөөлөгчид мэргэжлийн судлаач, мэргэжилтнүүдтэй дээрх сэдвийн хүрээнд харилцан ярилцаж, малчдын бэлчээр ашиглах, хамгаалах арга ухааны талаар санал сэтгэгдлийг нь тэмдэглэн авав.
Тухайн өдөрлөгийн хүрээнд төслийн бэлчээрийн зөвлөх Др. Д.Булгамаа бэлчээрийн хээрийн судалгаа, мониторинг, бэлчээрийн түгээмэл ургамал таних талаар хээрийн үзүүлэх сургалтыг чиглүүлэн зохион байгууллаа.
Дээрх өдөрлөгийн загвараар төсөл хэрэгжиж байгаа бусад 7 сумдад тухайн сумын хоршооны удирдлагууд, төслийн орон нутгийн зөвлөх, өдөрлөгт хамрагдсан бусад оролцогчдын хамтаар өөр өөрийн суманд зохион байгуулахаар болсон бөгөөд хамгийн түрүүнд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Ашид Мөнхбаян хоршооны А.Ганзориг өөрийн сумандаа өдөрлөгийн зохион байгуулахаар болсон юм.