Эх байгалиараа сэтгэхүй – 2030 он гэхэд илүү их байгалийн ширхэгттэй дэлхий уриан дор зохион байгуулж буй “Байгалийн ширхэгт” олон улсын чуулга уулзалтаар малчдын нийгмийн асуудлыг анхаарлын төвд оруулж байна.

Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл, Олон улсын Альпакийн холбоо, Өмнөд Африкийн Мохер, Шнайдер групп хамтран зохион байгуулж буй уг чуулга уулзалтын Улаанбаатар дахь салбар амжилттай болж өндөрлөлөө.
Хуралдааны эхний сэдэв “Малчдын нийгмийн асуудлыг анхаарлын төвд оруулах шаардлага” Байгалийн ширхэгт – Хөдөөгийн эдийн засгийн хөдөлгүүр хүч болох нь хэлэлцүүлгийн хүрээнд Дундговь аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газрын дарга Э.Цэвэлмаа аймгийн хэмжээнд хийгдсэн Малчдын тэтгэвэр тэтгэмж, Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг оролцогчдод танилцууллаа.
Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтнүүд, ХХААГ-ын мэргэжилтнүүд, татварын хэлтэсийн мэргэжилтнүүд хамтран хийсэн уг судалгаагаар малчин өрхийн тэргүүний нас дундажаар 36-c дээш насны, ихэвчлэн эрэгтэй өрхийн тэргүүн эзэлж байжээ. Тэрээр, 15-35 насны малчид 23 орчим хувийг эзэлж байгаа нь мал аж ахуйн салбарт ажиллах залуу малчдыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэлээ.

Мөн судалгаанд хамрагдсан малчдын дийлэнх нь малын эрүүл мэнд, мал аж ахуйтай холбоотой сургалт илүү их хэрэгтэй байна гэсэн хариулт өгсөн байна. Малчид маань илүү их шинэ зүйлийг сурч өөрсдийгөө хөгжүүлж мал аж ахуйгаа өргөжүүлэх хүсэлтэй байдаг гэдэг нь энэ судалгаагаар харагдаж байна гэв.
Дундговь аймгийн хувьд 55-с дээш настай малчдын тоо 2110 байдаг. Гэвч 2022 онд нийгмийн даатгалийн сан дээр 1200 малчин л тэтгэвэр авдаг. Бараг тал хувь нь яагаад тэтгэвэрт хамрагдаж чадахгүй байна гэхлээр нийгмийн даатгалд даатгуулах шалгуурт нь хүрэхгүй байгаа учраас хамрагдаж чаддаггүй гэдгийг тэрээр онцолсон юм.
Нийгмийн даатгалийн сан дээр үйлдвэрлэлийн осол, мэргэжилээс шалтгаалсан өвчнөөр тэтгэмж авч байсан малчид байна уу? гээд үзэхээр тийм малчин байдаггүй. Малчид бэлчээр дээр явж байгаад осолд өртдөг. Гэтэл тийм тохиолдолд тэтгэмж авч чадахгүй байгаагийн ард нийгмийн даатгалтай холбоотой асуудал байна гэж Э.Цэвэлмаа судалгааны танилцуулга хийх үеэрээ тэмдэглэв.