Ноолуур, ноос, мохер, альпака зэрэг байгалийн 4 ширхэгтийн төлөөлөл хамтран зохион байгуулсан “Байгалийн ширхэгт” ОУ-ын чуулганы Улаанбаатар дахь салбар хуралдаан Улаанбаатар зочид буудлын их танхимд амжилттай болж өндөрлөсөн.
Хурлын үйл ажиллагааг Тогтвортой Ноос ноолуурын Эвслийн Монгол дахь салбарын захирал Б.Батхишиг албан ёсоор нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буянэмэх танилцууллаа.

Тэрээр мэндчилгээндээ “Монгол улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн нийт 180 мянга орчим малчин өрхийг төлөөлж гол баялаг бүтээхэд оролцож байгаа, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжихэд гар бие оролцдог хоршоологч та бүхэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг дэвшүүлье.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан 3 том үндэсний хөтөлбөр байгаа. Эдгээр нь Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн, Хүнсний хангамж аюулгүй байдлын хөтөлбөрүүд юм.
Энэ 3 хөтөлбөр бол өнөөдөр ТННЭ-с зохион байгуулж байгаа уг чуулга уулзалттай салшгүй холбоотой, мөн Монгол улсын Засгийн газрын Алсын хараа 2050 хөтөлбөртэй ч салшгүй холбоотой юм.

COP26-д оролцсон Монголын төлөөлөгчид ТННЭ-ийн олон жилийн гишүүн Alex Begg-ийн үйлдвэртэй танилцах үеэр
Өнгөрсөн оны 11 сард COP26 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтад Монгол улсын ерөнхийлөгч Их Британи улсад очиж оролцсон. Энэ хүрээнд би Монгол улсын ерөнхийлөгчөөс чиглэл авсны дагуу ТННЭ-ийн Их Британи дахь салбарынхантай харилцаж Alex Begg кашемирийн үйлдвэрт очсон. Монгол малчдын маань бэлтгэж байгаа ноолуур маань дэлхийн хамгийн алдартай үйлдвэрт очиж олон улсын томоохон брэнд дэлгүүрүүдээр борлуулагдаж байна гэдэг бол бахархалтай санагдаж байсан.
Брэндүүдийн хэлж байсан нэг асуудал байж байгаа. Дэлхийн зах зээлд Монголын ноолуурын орон зай маш их байгаа. Хамгийн гол нь Монголын малчин өрх, төр засаг, хувийн хэвшлийнхэн оролцож ноолуурыг олон улсын стандарт шаардлагад нийцүүлж чадвал бид экспортын чиг баримжааг нь дэмжиж жилд авах хэмжээг нэмэгдүүлэх боломж байгааг дурдаж байсан.
Энэ тал дээр ТННЭ-ийн баг хамт олонтой өнгөрсөн хугацаанд удаа дараа уулзаж Мөшгөх системийг хэрэгжүүлэхийг, мөн малчин өрх бүр гол үүргийг гүйцэтгэж чадахгүй учир малчдыг төлөөлж хоршоологчид маань энэхүү ажилд идэвхтэй оролцож төр засаг, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхийг дэмжиж байна.
Өнөөдөр бид нэг зүйлийг ухаарч байгаа. Төлөвлөгөөт эдийн засгийн үед нэгдэл гэж байсан. Эргээд хоршоологчид маань төлөвлөгөөт эдийн засгийн хүрээнд хэрэгжүүлж байсан нэгдлийн системийг өмнөөс нь хэрэгжүүлэх томоохон аж ахуйн нэгж, байгууллага болж байна. Төр засгаас ч бас хоршоологчдын эрх зүйн орчныг дэмжих, төр засгийн бодлогод тулгуурлаж ХАА-н бүтээгдэхүүний үнэгүйдлийг арилгахад онцгой анхаарч хамтарч ажиллахад нээлттэй.
Монгол улс бол цаашдаа хүнс экспортлохоос гадна ХАА-н бүтээгдэхүүнийг экспортлох томоохон бодлогыг барьж байгаа.
Эрүүл монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд монгол хүн эрүүл саруул байх, малчин өрх эрүүл саруул байх бүхий л бодлогын ажлуудыг хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна.
Мөн Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол улс малын гоц халдварт өвчингүй бүс, орон болно гэсэн зорилгодоо “Малыг эрүүлжүүлэх бодлогын зөвлөл” байгуулагдан ажиллаж байгаа. Мал эрүүл байна гэдэг бол хүн эрүүл байна гэсэн үг, хүнс эрүүл байна гэсэн үг юм.
Биднийг Их Британид уулзалт хийж байхад хамгийн гол нь Монголчуудын маань ХАА-н бүтээгдэхүүн, малаас гарч байгаа бүтээгдэхүүн олон улсын стандартад нийцэхэд хэцүү байна гэж байсан. Тэгэхээр олон улсын стандартад нийцсэн ноос ноолууртай болмоор байна. Тиймээс бид экспортын бүтээгдэхүүний гол бодлогыг хэрэгжүүлэх суурь нь цогцоор нь эрүүл бодлогын асуудлыг шийдэх ёстой.
Та бүхний хурлаас гарах шийдвэр, бодлогыг Монгол улсын ерөнхийлөгчид танилцуулж цаашилбал төр засгийн бодлогын түвшинд чиглэл өгч хамтарч ажиллах болно. Бүх талаар бидний хувьд Монгол улсын экспортыг нэмэгдүүлэх тэр дундаа эхний ээлжинд ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэх бодлогын асуудлыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарна” гэв.