“Байгалийн ширхэгт” олон улсын чуулга, уулзалтаар малчдын эрүүл мэндийн асуудлаар Дорнод аймгийн Цагаан-овоо сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Б.Үүрийнтуяа “Малчны эрүүл мэнд” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Дорнод аймгийн Цагаан-овоо сумын нийт хүн ам 3947 буюу 1170 өрх айлтай, жил бүр ойролцоогоор 50 өрхөөр нэмэгддэг ба нийт хүн амын 53.9 хувийг малчид эзэлдгийг онцлов. Цагаан-овоо сумын Эрүүл мэндийн төв нь жилд 350 орчим хүнд түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үүний 170 орчим хүн нь алслагдсан багуудын малчид байдаг. Малчдаас ирж буй түргэн тусламжийн дуудлагын 20 орчим хувийг осол, гэмтэл эзэлдэг байна.
Жилд нийт 100-200 гаруй иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг боловч үүний ердөө 10 гаруй хувь нь малчид байдаг байна. Өөрөөр хэлбэл малчид урьдчилан сэргийлэх үзлэгт эрт хамрагддаггүйгээс өвчнөө хүндэрсэн үед эмнэлгийн тусламж авдаг аж. Иймээс малчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамруулах нь зайлшгүй шаардлагатай байгааг тэмдэглэв.

Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо жилд 500 гаруй орчим байдаг ба үүнээс 50-аас дээш хувийг малчин иргэд эзэлдэг. Сүүлийн жилийн байдлаар сумын нийт хүн амын дунд амьсгалын замын, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны, осол гэмтэл, зүрх судасны болон ялгаруулах эрхтний өвчин тэргүүлж байна. Малчдын дунд даарах, тамхи их татах зэргээс шалтгаалан амьсгалын замын өвчин түгээмэл (нийт өвчлөгчдийн 80% нь малчид) тохиолддог бөгөөд эрс тэс уур амьсгалтай холбоотой шээс ялгаруулах тогтолцооны өвчин эрэгтэй малчдад түрүү булчирхай, эмэгтэй малчдад цочмог цистит буюу давсагны өрөвсөл хэлбэрээр илэрдэг. Эдгээр өвчнөөс гадна өөх тос, давсны хэт хэрэглээ, буруу хооллолт зэрэг амьдралын зөв бус хэв маягаас хамааралтай артерийн даралт ихсэх өвчнөөс шалтгаалсан нас барах явдал малчдын дунд нэмэгдэж байгааг тэрээр онцолсон юм.
Сумын хэмжээнд нийт 25 хүн хорт хавдрын хяналтад байгаа ба үүнээс 5 нь малчин байна. Үүний гол шалтгаан нь малчид жил бүр явагддаг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүйгээс хорт хавдар эцсийн шатандаа оношлогдож байна. Хорт хавдраар нас барагсдын 3 хүн тутмын 1 нь малчин байна. Иймээс малчин хүн бүрийг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байхыг их эмч Б.Үүрийнтуяа хүслээ.