“Байгалийн ширхэгт” сэдэвт олон улсын чуулга, уулзалтаар малчдын боловсролын  асуудлаар Өмнөговь аймгийн Номгон сум Лусын сэрчим хоршооны дарга Р.Баттогтох “Малчны боловсрол” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Монгол улсын нийт хүн амын 11 (3.409.939) хүн тутмын 1 (305.430) нь малчин хүн байдаг бол Өмнөговь аймгийн хэмжээнд 7 (72.000) хүн тутмын 1 (10.243) нь малчин хүн байна. Аймгийн хэмжээнд нийт хүн амын 1 хувь нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, 16 хувь нь дээд, 23 хувь нь бүрэн дунд, 3 хувь нь тусгай мэргэжлийн дунд боловсролтой ба 20 хувь нь боловсролгүй байна. Хүйсийн хувьд боловсролтой эрэгтэй хүний тоо боловсролтой эмэгтэй хүний тооноос хоёр дахин бага байгааг тэрээр онцолсон юм.

Номгон сумын нийт 2498 хүн амтай ба үүнээс 953 хүн малчид байна. Тус сумын хүн амын 18 хувийг боловсролгүй  хүн эзэлж байгаа бол 15 хувь нь бүрэн дунд, 19 хувь нь бага, 35 хувь нь суурь, 6 хувь нь бакалавр, 1 хувь нь дипломын дээд боловсролтой байна.   Сүүлийн жилүүдэд 6 настай хүүхэд сургуульд ордог болсноор малчин гэр бүлийн эхнэр хүүхдээ аймгийн болон сумын төвд хардаг болсон. Үүнээс шалтгаалан гэр бүл салалт болон цаашлаад сүү, цагаан идээ боловсруулах зэрэг малчдын уламжлалт хөдөлмөрийн хуваарилалт өөрчлөгдөж байна.

Цаашид үндэсний хэмжээнд малчдын боловсролын түвшний судалгаа гаргах,  гарсан үр дүнд суурилсан малчдын боловсролын түвшинг нэмэгдүүлэх үйл ажиллагааг шат дараалан зөв зохистой явуулах, мөн малчдын дунд тогтмол цахим сургалт зохион байгуулах шаардлагатайг тэрээр хүслээ. Мөн малчдын хүүхдийн сургуулийн улирлын амралтыг хавар, намар ид ачаалалтай үеүдэд тааруулан амраах зохицуулалт хийх хэрэгтэй хэмээв.