МАОЭНХ-ны /Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо/-ны дэргэдэх Ажил мэргэжлийн стандарт, хүний хөгжлийн хүрээлэнгийн захирал Г.Энхбат “Байгалийн ширхэгт” ОУ-ын хурлын Улаанбаатар дахь салбар хуралдаанд Малчны хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдвээр илтгэл танилцууллаа.

Илтгэлд Монгол улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцооны тухай, малчин хүний хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай оролцогчдод мэдээлэл өгсөн юм.

Тэрээр хэлэхдээ, эдийн засгийн үйл ажиллагааны чиглэлүүд тухайлбал барилга, уул уурхай гэх мэт салбаруудад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тогтолцоо маш нарийн ажиллагаатай хэрэгждэг боловч ХАА-н салбар болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хоршоологчдын хүрээнд энэ асуудлууд орхигдож явдаг талаар дурдав.

Ажлын байран дээр гарч байгаа ослоос сэрэмжлэхэд хамгийн гол зүйл нь манай малчид маань өөрсдөө олон зуун жилийн туршлагатай. Бид урьдчилж тооцоод цаг агаараа шинждэг, урьдчилаад нөхцөл байдлаа тодорхойлж чаддаг, байгаль орчинтойгоор харьцдаг, аюулгүйн бүсчлэлийг өөрийнхөө хүрээнд бий болгож чадсан ардын сайхан өв соёлтой уламжлалтай улсууд юм.

Тодорхой хэмжээнд бид хэнэггүй байдлаасаа болоод, тэр сайхан мянган ур чадвараа хэрэглэхгүй, малч ухаанаа бид тоохгүй байгаагаас хамаараад эсвэл аж ахуйн амьдралд нэвтэрч шинэ технологи, мотоцикл, машин техник, хэрэглэж буй цахилгаан үүсвэрүүд энэ болгон маань эрсдэлийг дагуулах нөхцөлүүдийг бий болгож байна гэдгийг онцлов.

Хэрвээ бид уламжлалт хөдөлмөрийн аюулгүй байдлын зарчмууд буюу малч ухаан, өв ухаанаа гээх юм бол сөрөг зүйлүүд бий болно. Бид хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаар мэдлэг мэдээллүүдээ дээшлүүлж энэ чиглэлээр төрийн байгууллагууд, сургалтын байгууллагууд, малчид маань хамтарч ТННЭ-ийн хүрээнд бий болсон чадавхийн хүрээнд, сургалтын тогтолцооны хүрээнд хамтын ажиллагааг өрнүүлж чадвал бидэнд ХАБ-ын асуудлаа шийдэх том боломж байгааг мөн хэллээ.

Илтгэлийн төгсөлд Др Г.Энхбат “Малчин” ажил мэргэжлийн стандартыг ТННЭ-ээс 3 жилийн өмнө санхүүжүүлж ХНХЯ-ны дэргэдэх Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээ, аргазүйн төвийн арга зүйч багш нартай хамтран боловсруулсан гэдгийг хуралд оролцогч нарт мэдээлэллээ.

Уг боловсруулсан ажил мэргэжлийн стандартын баримт бичгээ 3 дахь жилдээ сургалтандаа хэрэглээд тодорхой чадамжуудыг туршаад сургалтын үйл ажиллагаа явуулж байна. “Малчин” ажил мэргэжлийн стандарт нь дотроо малчидтай холбоотой ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөр хамгаалал, аюулгүй орчин, хэрэглэж буй тоног төхөөрөмж багаж хэрэгсэл зэрэг бүх боломжуудыг цогцоор нь бий болгосон. Үүнийгээ бид ХХААХҮЯ-ны салбар зөвлөлөөр дэмжүүлээд, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо ажил мэргэжлийн стандарт болгоод улсын хэмжээнд мөрдөөд явах юм бол бид нэг хэлээр нэг ойлголтоор аливаа асуудлуудаа шийдэх боломж бүрднэ гэв.