2021 оноос эхэлсэн “SFA Cashmere Standard”-ын олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг нь уг стандарттай холбогдох асуудлаар төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг урьж оролцуулах, мөн ноолуурын салбарын гол дуу хоолой болдог хамтрагч байгууллагуудаас дэлхийн стандартын төслийн санал, түүний агуулга, бүтэц, цаашдын хэрэгжилтийн талаар нээлттэйгээр санал бодлыг нь сонсох зорилготой.
“SFA Cashmere Standard” нь ноолуур үйлдвэрлэл, малчдын амьжиргаатай холбоотой асуудлыг илүү өргөн цар хүрээтэй оновчтой тусгахын тулд МАА-н үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалт, зохистой хөдөлмөр эрхлэлт болон биологийн олон янз байдал, ямааны арчилгаа маллагаа, байгалийн ширхэгтийн бэлтгэлийн чанар зэрэг таван үндсэн зарчмыг тогтоосон.
Энэхүү стандартыг дэлхийн хэмжээнд мөрдөж болох ба уг стандартын дагуу үйлдвэрлэгчдийг үнэлж, баталгаажуулахдаа аль ч улс орон, үйлдвэрлэлийн өөр өөр системд хэрэглэх боломжтой байлгахын тулд улс орон бүрт зориулсан зааварчилгаа боловсруулагдан гарах ба энэхүү заавар нь тухайн орон нутгийн онцлогт тохирсон, cоёлын хувьд зохистой байдлыг хангасан, тухайн орны хууль дүрэмтэй уялдаатай байдлаар үндсэн зарчмуудын хэрэгжилтийг хангах боломжийг олгоно.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт байгаль орчин, мал аж ахуй, нийгмийн хамгааллын салбарын төлөөллүүд, төрийн бус байгууллага, академик байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцон санал бодлоо илэрхийлж байна.
Дашрамд сонирхуулахад стандартын олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийн үйл ажиллагаа нь 2022 оны 12 сарын 2-ны баасан гаригт дуусах ба ТННЭ-ийн веб хуудсаар дамжуулан онлайнаар саналаа өгөх эсвэл [email protected] цахим хаягаар саналаа өгөх боломжтой.