/2022.11.18/: “SFA Cashmere Standard”-ын хоёр дахь шатны олон нийтийн хэлэлцүүлгийг нээж ТННЭ-ийн Их Британи дахь салбарын Стандарт системийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Петер Даукинсын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Миний бие Монгол дахь Тогтвортой ноос ноолуурын эвслийн багийн хамт олны хамтаар “SFA Cashmere Standard”-ыг хөгжүүлэх хэлэлцүүлэг, уулзалтад оролцож байгаа та бүхэнд гүн талархал илэрхийлье.
ТННЭ нь энэхүү стандартын хэрэглэгч, оролцогч болон стандартын хэрэгжилтэнд хамгийн их нөлөө үзүүлэх хэн бүхний саналыг эрэлхийлдэг тул, та зайнаас ч бай, биечлэн оролцож байгаа ч бай таны оролцоо бидэнд үнэ цэнтэй.
ТННЭ нь энэхүү “SFA Cashmere standard”-г хариуцлагатай үйлдвэрлэлийн арга ажиллагааг нэвтрүүлэх, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, малчдын амьжиргааг дэмжих, малын тавлаг байдлын асуудлыг хамгийн сайнаар тусгаж та бүхэнд болон ноолуурын салбарын ханган нийлүүлэгчдийн сүлжээнд оролцогч бүх талуудад хүртээмжтэй, хэрэгцээтэй стандарт болгон хөгжүүлэхийг зорьж байгаагийн хувьд та бүхний дуу хоолойг сонсоно гэдэг нь энэхүү стандарт хөгжүүлэлтийн үйл явцад туйлын чухал хэсэг билээ.
ТННЭ нь өсөлт хөгжлийнхөө маш чухал цаг үедээ явж байгаа бөгөөд шинэ “SFA Cashmere standard”-г гаргаж байгаа нь Монголд төдийгүй олон улсын түвшинд байгалийн ширхэгтийн санаачилга болоход чухал алхам болж байна.
ТННЭ нь гишүүнчлэлд суурилсан байгууллага бөгөөд Монгол болон олон улсын ноолуурын салбарын үндсэн оролцогч талуудын эвсэл юм. Бид талуудын байр суурийг сонсох, хамтдаа Монгол болон олон улсын түвшинд ноолуурын салбар дахь тогтвортой байдал ямар байхыг тодорхойлох талбар болж байна.
Монголын үйлдвэрлэгч малчны байгууллагууд, аймаг, сумдын засаг дарга нар, яамдууд, мөн саяхан хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан Монголын ШУА, үйлдвэрүүд, брэндүүд гэх мэт түншүүдтэйгээ хамтран бидний Монголд хэрэгжүүлж байгаа бүх үйл ажиллагаанууд маань бүгд тогтвортой байдлыг нэмэгдүүлэх тэр дундаа байгаль орчин, мал амьтны тавлаг байдал, нийгэм болоод эдийн засгийн тогтвортой байдалд нэн чухал үүрэгтэй байна.
Өнөөдөр хуралд оролцогч та бүгдийн дэмжлэгээр ноолуур үйлдвэрлэгчид болон бидний дэмжлэг нэн хэрэгтэй байгаа тэдгээр хүмүүсийн дуу хоолой болохын төлөө ТННЭ-ийн баг хамт олон чармайн ажиллах болно.
ТННЭ нь ISEAL гэгддэг байгууллагын гишүүн юм. ISEAL нь стандарт хөгжүүлэх хамгийн шилдэг арга зүйн зааварчилгааг нэвтрүүлэгч гэдгээрээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага учир энэ байгууллагын гишүүнчлэлтэй байх нь маш чухал юм.
ISEAL нь стандарт системийг дэмжих арга зүйн зааварчилгаа, туршлагаараа дамжуулан бидний хамгийн тулгамдсан бэрхшээлүүдийг шийдвэрлэх мөн ноолуур гэх мэт ханган нийлүүлэлтийн сүлжээний үр нөлөөг сайжруулахад дэмжлэг болж байдаг.
ISEAL нь 100 гаруй оронд ойн салбараас эхлээд далайн гаралтай хүнс, биологийн гаралтай материалууд, олборлох салбарт ажилладаг. Стандарт хөгжүүлэхэд зориулсан арга зүйн зааварчилгаа нь хэрхэн стандарт хэрэгжилтийг сайжруулах, хэрхэн илүү их үр нөлөөг бий болгох вэ гэдэг чиглэлд ч дэмжлэг болдог. ISEAL-н стандартын арга зүйн зааварчилгааг дагаснаар “SFA Cashmere Standard” нь стандарт хэрэглэгчид болон бидний эх дэлхийд эерэг, бодитой, тогтвортой өөрчлөлтүүдийг авч ирэх боломжтой.
ТННЭ нь “SFA Cashmere Standard”-н хөгжүүлэлтэд ISEAL-н Стандарт хөгжүүлэх арга зүйн зааварчилгааг дагаж байгаа. Тус зааварчилгаанд хэд хэдэн шаардлагуудыг тусгасан байдгийн нэг нь энэхүү хэлэлцүүлэг уулзалт юм.
ISEAL-н нийгэм, байгаль орчны стандарт боловсруулах арга зүйн зааварчилгаа нь хэрэгцээтэй байгаа, ил тод, оролцогч талуудын ашиг сонирхлыг тэнцвэртэйгээр тусгасан стандарт боловсруулахад дэмжлэг болдог. ISEAL-н стандарт боловсруулах аргазүйн зааварчилгааг дагасан “SFA Cashmere standard”-г хэрэгжүүлснээр байгаль орчин болоод нийгэмийн зорилтуудад чиглэгдсэн хэмжигдэхүйц ахиц дэвшлийг аль болох худалдааны хүндрэл үүсгэлгүйгээр бий болгохыг эрмэлзэнэ.
ТННЭ нь 2018 оноос хойш Мал аж ахуй эрхлэх зохистой дадал, Бэлчээр ашиглах зохистой дадал, Цэвэр ноолуур боловсруулах зохистой дадлуудыг боловсруулан гаргасан бөгөөд эдгээр зохистой дадлуудыг Монгол болон Хятад улсад тодорхой үе шаттайгаар нэвтрүүлж ирсэн.
Эдгээр зохистой дадлуудыг хэрэгжүүлэх туршилтын шатанд ноолуур үйлдвэрлэл болон ханган нийлүүлэлтийн системийн туйлын чухал асуудлуудыг гүн гүнзгий ойлгох боломж олдсон бөгөөд менежментийн хувьд тэдгээрийг баталгаажуулах, бүртгэх, мөшгөх шаардлага ч мөн үүссэн.
Энэ 2022 онд Мал аж ахуй эрхлэх, Бэлчээр ашиглах гэсэн хоёр зохистой дадлуудыг нэгтгэсэн НЭГ олон улсын стандарт болох “SFA Cashmere Standard”-н санал боловсруулаад байна. Энэхүү стандарт нь ноолуур үйлдвэрлэл, малчдын амьжиргаатай холбоотой асуудлуудыг илүү өргөн цар хүрээтэй, оновчтой тусгахын тулд менежмент, зохистой хөдөлмөр эрхлэлт болон ноолуурын чанар гэх мэт бусад нэмэлт үзүүлэлтүүдийг багтаасан. Энэ нь мөн ТННЭ-н 2030 оны стратегитай уялдаж байгаа юм.
Эдгээр үзүүлэлтүүдийг нэгтгэсэн нь зөвхөн “SFA Cashmere Standard”-г хялбар, ойлгомжтой, хүртээмжтэй болгоод зогсохгүй, энэхүү стандарт нь зөвхөн ТННЭ-ийн ханган нийлүүлэлтийн сүлжээний аль нэг хэсэг оролцогчид бус, харин бүх оролцогч талуудад зориулагдсан болохыг хөндлөнгийн хүмүүст ойлгуулахад чухал юм.
Энэхүү ноолуурын стандарт нь 5 нийтлэг зарчимд хуваагдах бөгөөд эдгээр нь МАА-н үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалт, Зохистой хөдөлмөр эрхлэлт, Байгалийн нөөц баялаг, Ямааны арчилгаа маллагаа болон Ноолуур бэлтгэлийн чанар юм. Эдгээр таван нийтлэг зарчим тус бүртээ ноолуурын ханган нийлүүлэлтийн сүлжээний тодорхой нэг оролцогч талд хамааралтай үзүүлэлтүүдийг багтаасан бөгөөд тус сүлжээн дэх эрсдэлийг нэгдмэл байдлаар бууруулахад тустай.
МАА-н үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалтын нийтлэг зарчим хэсэгт ноолуур үйлдвэрлэгчдийн түвшинд “SFA Cashmere Standard”-г хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлуудыг хамрах үзүүлэлтүүд багтаасан бөгөөд эдгээр үзүүлэлтүүд нь ойлгомжтой бүртгэл, үнэлгээ, баталгаажуулалт, нөлөөлөл, хяналт шинжилгээ, хөгжүүлэлтийг сайжруулахад туслах юм. Эдгээр асуудлууд нь тус бүртээ стандартын хэрэглэгчид стандартад тусгагдсан болон өдөр тутамдаа анхаарч, шат шатандаа шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байх боломжийг бүрдүүлсэн.
Зохистой хөдөлмөр эрхлэх нийтлэг зарчим нь ноолуурын ханган нийлүүлэлтийн сүлжээний нийгэм болон тус салбарын хүмүүст нөлөөлж буй хамгийн өндөр байгаа эрсдэлүүдийг бууруулахыг эрмэлзэхээс гадна, эдгээр нь бидний нэн чухалчлан анхаарч буй асуудал мөн бөгөөд стандартад ч тусгагдсан болохыг оролцогч талуудад ойлгуулах юм.
Байгалийн нөөц баялгийн нийтлэг зарчим нь биологийн олон янз байдал, ус ашиглалт, бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах, бэлчээр болон байгалийн амьдрах орчин зэргийг багтааж байгаа юм. Эдгээр нь бүгдээрээ ноолуурын ханган нийлүүлэлтийн сүлжээнд нэн чухал бөгөөд байгаль орчны сэргэн шинэчлэгдэх байдлыг тэтгэхэд тус болох үзүүлэлтүүд юм.
Эцэст нь ямааны арчилгаа маллагаа болон ширхэгтийн бэлтгэлийн чанарын нийтлэг зарчмуудад ноолуурын ямааны тавлаг байдлын таван зарчмуудыг үнэлж болохуйц стандарт болгон нэгтгэснээс гадна стандарт хэрэглэгчид самнасан ноолуурын чанарыг сайжруулахад дэмжлэг болох юм.
ТННЭ нь эдгээр таван нийтлэг зарчмыг багтаасан нь тодорхой шатлалт дарааллыг бий болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ бүгд ширхэгт үйлдвэрлэлийн системийн бүх түвшинд хүчирхэг МАА-н удирдлага зохион байгуулалттай байхаас эхлэлтэй бөгөөд дараагаар нь зохистой хөдөлмөр эрхлэлтийн асуудал нь ноолуурын ханган нийлүүлэлтийн сүлжээнд ажиллаж буй ажилтнууд, тэдний гэр бүл, нийгмийн орчныг тэтгэж, хамгаалах явдал юм. Эдгээр ажилтнууд, тэдний гэр бүл болон эргэн тойрны хүмүүс нь байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалт болоод ямааны тавлаг байдлыг сайжруулах боломжтой болох юм. Энэхүү систем нь ширхэгтийн чанарыг сайжруулан улмаар ноолуурын ханган нийлүүлэлтийн сүлжээнд ажиллаж буй ажилтнууд, тэдний гэр бүл, эргэн тойрны хүмүүст нь үр өгөөжөө өгөх байдлаар ажиллах юм.
Аль ч улс орон, үйлдвэрлэлийн өөр өөр системд хэрэглэх боломжтой байлгахын тулд дээрх байдлаар нийтлэг зарчмуудыг хөгжүүлж, дараалуулсан юм. Улс орон бүрт зориулан гаргах заавар нь анхан шатандаа тухайн орон нутгийн онцлогт тохирсон, соёлын хувьд зохистой байдлыг хангасан, тухайн орны хууль, дүрэмтэй уялдаатай байдлаар дээрх зарчмуудын хэрэгжилтийг хангах боломжийг олгоно.
Өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгийн нэг зорилго нь та бүгдийг өөрийн оронд зориулан гаргах гарын авлагад зайлшгүй багтах ёстой эсвэл стандартыг Монголд хэрэгжүүлэхдээ анхаарч үзэх шаардлагатай гэж үзэж буй тэдгээр хуулиуд, уламжлал, зохистой дадал эсвэл холбогдох судалгааны мэдээллийг бидэнтэй хуваалцахыг хичээнгүйлэн хүсэж байна.
2023 он бол шилжилтийн нэг жил бөгөөд гишүүн малчны байгууллагууд нь хуучин буюу мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх зохистой дадал болон бэлчээр ашиглах зохистой дадлуудыг ашиглах уу эсвэл энэхүү “SFA Cashmere standard”-г хэрэглэх үү гэдгээ өөрсдөө сонгох боломжтой. Энэхүү шилжилтийн хугацаа дууссаны дараагаар ТННЭ-ийн стандартын хэрэглэгчид бүгд “SFA Cashmere Standard”-г хэрэглэх шаардлагатай болно.
Стандартын олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийн үйл ажиллагаа нь Английн цагаар 2022 оны 12 сарын 2-ны Баасан гаригт 17 цагт дуусах байгаа. Хэдийгээр та бүхэн өнөөдөр өөрсдийн саналаа хэлж, бодлоо хуваалцах боломжтой ч, үүний дараа танд өөр ямарваа нэг санал байвал ТННЭ-ийн вэб хуудас дахь хэлэлцүүлгийн хуудсаар орж онлайн санал хүсэлтийн маягтаар дамжуулан өгөх эсвэл [email protected] цахим хаягаар бидэнд имэйл илгээгээрэй. Бид та бүхнийг Монголын ноолуурын салбарыг дэлхийн зах зээлд үргэлжлүүлэн холбох маш сайн, хэрэгжихүйц стандартыг хөгжүүлэхэд өөрийн туршлага, үзэл бодлоо бидэнд ирүүлэхийг урьж байна.
Ингээд өнөөдрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх ТННЭ-ийн Монгол дахь багийнхантайгаа та бүхнийг үлдээе. Дахин хэлэхэд өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож буй явдалд тань маш их баярлалаа, та бүхний уулзалт үр дүнтэй үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байна.