Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл, Олон улсын Альпакийн холбоо, Өмнөд Африкийн Мохер, Шнайдэр групп хамтран зөвлөгөөнийг 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр “Байгалийн ширхэгт” олон улсын чуулган зохион байгуулсан билээ. Уг чуулганд 17 аймгийн 60 малчдын байгууллага, хоршоо, мөн боловсруулах үйлдвэр, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, бодлого, шийдвэр гаргагчид гээд нийтдээ 120 гаруй төлөөлөгчид оролцсон. Тогтвортой Ноос Ноолуурын Эвслийн удирдлага чуулганаас гарсан санал, зөвлөмжүүдийг агуулгын хувьд нэгтгэн 7-н чиглэл болгон багцалж Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэхэд өргөн барилаа.
О.Буяннэмэх зөвлөх “Та бүхний өргөн барьж буй энэхүү зөвлөмж том зорилго агуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх таван жилийн хугацаанд мал сүргээ эрүүлжүүлж, малын ашиг шим, чанарт анхаарч, эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байгаа билээ. Уг үндэсний хөтөлбөрийн хүрээнд хоршоод хамтарч ажиллах нь чухал юм. Мал аж ахуйн салбар нь хоршоодын үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Монгол малыг эрүүлжүүлэх бодлого ойрын таван жилд эрчимтэй хэрэгжих бөгөөд Монгол Улс малын халдварт болон гоц халдварт өвчингүй эрүүл бүс болохоор зорьж байна. Иймээс энэ бодлого дээр малчдын хоршоод чухал үүрэг гүйцэтгэнэ. УИХ “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалт, бодлого, үйл ажиллагааны цогц шинэчлэлийг хийхээр тусгаад байгаа бөгөөд ирэх таван жилд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд зориулан 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр шийдвэрлээд байна” хэмээн онцлон тэмдэглэв.