Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн хүрээнд Тогтвортой ноос ноолуурын эвсэл нь Нутгийн үйлс ухаан сургалт, судалгааны төвтэй хамтран 10 сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Политехникийн коллежид “Бог малын эрүүл мэндийг хамгаалах” чадамжид суурилсан сургалтыг Эрүүл ямаан сүрэгтэй хариуцлагатай хоршоо өдөрлөгийн хүрээнд зохион байгууллаа. Тус чадамжийн сургалтад Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын төслийн зорилтот зургаан сумын найман хоршоодын 18 удирдлага, гишүүд оролцлоо.

“Бог малын эрүүл мэндийг хамгаалах” чадамжид суурилсан сургалтыг Нутгийн үйлс ухаан сургалт, судалгааны төвийн захирал Доктор Ц.Алтанзул, сургагч багш Доктор Б.Цацралт, С.Пагмадулам нар ХАБЭА-г мөрдөх, Ариутгал, халдваргүйтгэл, Мал эмнэлгийн үйлчилгээнд хамруулах, Малын биед гарсан өөрчлөлтийг ажиглах, анхан шатны арга хэмжээ авах, Хорогдсон мал болон сэг, зэмийн устгал зэрэг 5 чадамжийн элементүүдээр онолын мэдлэг олгов. Дорнодын Политехникийн коллежийн багш С.Ариунбуян оролцогчдоос онолын шалгалт авч, бүх оролцогчид хангалттай онолын мэдлэг олж авсан гэж дүгнээд, тус чадамжийн сургалтын дадлагын ажлыг ажлын байран дээрээ буюу малчны хотонд гүйцэтгэх даалгаврыг оролцогчдод өгч, дадлага тооцох журмыг танилцууллаа.
Сургалтаас гадна өдөрлөгийн хүрээнд “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл болон Тогтвортой ноос ноолуурын эвслийн талаарх товч танилцуулга, мэдээллийг ТННЭ-ийн мониторинг, үнэлгээ, хөгжүүлэлт хариуцсан менежер С.Вандандорж оролцогчдод хүргэв. Мөн ТННЭ-ийн Мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх зохистой дадал, Бэлчээр ашиглах зохистой дадлууд, өөрийн үнэлгээ хийх сургалтуудыг ТННЭ-ийн Сургалт хариуцсан мэргэжилтэн Ж.Одгарав хийж, зохистой дадлын багцыг гардууллаа.
Мөн ТННЭ-н баг Германы Гёттингений их сургуулийн судлаач Алина Хаус, МААЭШХ-ийн Бэлчээр тэжээлийн салбарын ЭША Ж.Гантуяа нартай хамтран Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нийт 4 хоршоодын төлөөлөлтэй өвөлжилтийн бэлтгэл, малын тэжээлийн асуудлаар бүлгийн уулзалт хийж, хэлэлцүүлэг өрнүүлэн, Хөлөнбуйр сумын малчдын бэлтгэсэн хадлан, тэжээлээс тэжээллэг чанарыг тодорхойлох зорилгоор хоршоодтой хамтран дээж авч, МААЭШХүрээлэнд лабораторийн шинжилгээг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.