Тогтвортой Ноос Ноолуурын Эвслээс ноолуурын үйлдвэрлэгчдийн уулзалтыг Итали улсын Биелла хотноо зохион байгуулсан билээ. Түүхий ноолуур боловсруулахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болон гаргах бүхий л шатны төлөөллүүдийг багтааснаараа энэ төрлийн уулзалт Европт анх удаа хийгдэж буйгаараа онцлогтой бөгөөд  энэхүү уулзалтад оролцогч талууд, ялангуяа Европын  брэнд, үйлдвэрлэгчид онцгой өндөр сэтгэгдэлтэй байв. Энэ удаагийн уулзалт зөвлөгөөний ерөнхий зохион байгуулагчаар “Байгалийн ширхэгтийн чуулган” платформ, ерөнхий ивээн тэтгэгчээр Итали улсын Ноолуур, Тэмээний ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн институт (CCMI), Шнайдерь болон LVMH групп ажилласан билээ.

Уг уулзалтын хүрээнд Монгол улсаас ноолуур ханган нийлүүлэлтийн сүлжээг төлөөлөн оролцож буй зочид, төлөөлөгчдийг ТННЭ-ийн ТУЗ-ын дарга Жованни Шнайдер, гүйцэтгэх захирал Уна Жонес болон Монгол Улсаас Итали Улсын Ломбарди мужид суух Өргөмжит консул Паоло Бонетти нар 1-р сарын 31-нд Милан хотод хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Паоло Бонетти Монголын үндэсний үйлдвэрүүд, хоршоодын энэ удаагийн Итали дах айлчлал нь Монголын ноолуурын экспортын гарцыг Европын зах зээл тэлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг онцлов. Жованни Шнайдер Италийн үйлдвэрүүдтэй түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв. Түүнчлэн бусад малын гаралтай бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөхөд Монголын хоршоод, үйлдвэрлэгчдийн чадавхыг бэхжүүлэх, зохих стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд чиглэн ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын дараагийн үйл ажиллагаа болох  “SFA Cashmere Conference“ сэдэвт  хурал 2-р сарын 2-нд  Итали улсын Биелла хотноо зохион байгуулагдав. Энэхүү хуралд Европын  ноолуурын зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 36 брэнд үйлдвэрлэгчдийн удирдах шатны 70 гаруй төлөөлөл оролцсон. Мөн Монголын талаас ноолуурын анхан шатны болон гүн боловсруулах томоохон үйлдвэрүүдийг төлөөлж Сор Кашeмир ХХК, Ханбогд Кашимер ХХК, Монитал Кашимер ХХК, Хатант Интернэшнл ХХК, Гоёл Кашмер ХХК, Өгөөж шим ХХК-ийн удирдлагууд болон малчдын хоршоодыг төлөөлж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Явын булаг хоршооноос оролцов.

Монголын ноолуурын анхан шатны болон гүн боловсруулах томоохон үйлдвэрүүдийг төлөөлж Гоёл Кашмер ХХК захирал Б.Ариунаа мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрээр “Монгол улсын ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн алсын хараа бол Тогтвортой ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлээр жиших ялгарлыг дэлхийд таниулна гэсэн уриан доор бид  хөдөлмөр, дуу хоолойгоороо нэгдэн хамтран ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд  ОУ-н SFA-н хамт олон нийгэмд хариуцлагатай, байгальд ээлтэй, тогтвортой  үйлдвэрлэлийн төлөө хамтдаа хамтран ажиллаж байгаад үйлдвэрлэгч бид баяртай байна. Үйлдвэрлэгч та бүхнийг энэ үйлсэд нэгдэхийг хүсэж байна“  хэмээн уриалав.

Түүнчлэн “Монголын боловсруулах үйлдвэрийн хэтийн төлөв” сэдэвт илтгэлийг Сор Кашeмир ХХК-ийн дэд захирал Б.Очгарьд танилцууллаа.

Илтгэлийн эхэнд Монголоос оролцож буй Ханбогд Кашимер, Монитал, Хатант Интернэшнл, Гоёл Кашмер ХХК, Өгөөж шим ХХК, Сор Кашeмир ХХК -ийн удирдлагуудыг танилцуулсныг оролцогчид халуун алга ташилтаар баяртайгаар хүлээн авсан юм. Илтгэлд Монгол дахь ТННЭ-ийн гишүүн үйлдвэрүүд, тэдгээрийн үүсэж хөгжсөн түүхэн замнал, ажиллах хүчин чадал, хамтын ажиллагаа, болон ТННЭ-ийн мөшгөх тогтолцоонд хэрхэн оролцож буй талаар Б.Очгарьд танилцуулсан юм.

Мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Явын булаг хоршооны дарга Ц.Наранцэцэг “Ноолуур бэлтгэн нийлүүлэгч малчдын байгууллагын чиг хандлага” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн ба энэ нь хуралд оролцож буй зочдын сонирхлыг ихээхэн татсан халуун дулаан алга ташилт болон хэлэлцүүлгийн үед тавигдсан сонирхолтой асуултуудаас харагдаж байлаа. Энэхүү илтгэлд Монгол дахь ТННЭ-ийн гишүүн 150 гаруй хоршоодыг төлөөлж малчдын байгууллагын институцийн өнөөгийн төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлтөөс хамааран дасан зохицож буй арга ажиллагаа, цаашдын чиг хандлагын тухай Европын томоохон төлөөлөл бүхий 70 гаруй үйлдвэр, брэндийн захирал, удирдах түвшний зочдод толилуулсан юм. Түүнчлэн малчид малын тавлаг байдлыг хангаж, бэлчээр усаа ариглан хамгаалж ирсэн уламжлалт мал маллах арга ухаан, бэлчээр ашиглалт, өв соёл, ховор ховордож буй зүйлийн амьдрах орчны хамгааллын тухай Өмнөдэлгэр сумын жишээг танилцуулсан билээ.

Хурлын төгсгөлд Итали улсын Ноолуур, Тэмээний ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн институт (CCMI)-ийн Ерөнхийлөгч Фабио Гарзена, хаалтын үгийг хэлсэн юм. Тэрээр “Энэхүү олон улсын хэмжээнд зохион байгуулж буй хурал бол бидний хамтын ажиллагаа өргөжих үйл ажиллагааны эхлэл билээ. Монголоос хүчтэй баг, бүрэлдэхүүн ирснийг хараад сэтгэл их догдолж байна. Дайн, цар тахал, эдийн засгийн сорилт гэх мэт олон сорилт бэрхшээлүүд уг салбарт нөлөөлж байгаа ч бид энэ уулзалтаар түүчээлэн улам нягтарч байгааг харж байна” хэмээн онцоллоо.

Биелла дахь хурлын хоёр дахь өдөр оролцогчид Шнайдерь группийн салбар Pettinatura Di Verrone үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн хувцас, нэхмэл бүтээгдэхүүний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч үйлдвэр болох Lora Pianа-ийн төв оффист оролцогчдыг хүлээн авч, үйлдвэрлэлийн үе шат, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Ялангуяа 2022 оноос ‘SFA cashmere standard’ -ын баталгаажилтад хамрагдсанаар түүхий эд бэлтгэлийн тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээнд хэрхэн оролцож буй талаар дурдлаа.

Энэхүү хуралд оролцсон барууны томоохон брэнд, үйлдвэрлэгчид, хурлын зохион байгуулалт болон ТННЭ-ийн гишүүн хоршоо үйлдвэрүүд биечлэн хүрэлцэн ирсэн явдал сэтгэгдэл өндөр буйгаа олонтоо илэрхийлж байлаа. Тийм ч учраас 2023 оны III улиралд Монголд өөрсдийн биеэр хүрэлцэн ирж  ТННЭ-ийн жил бүр уламжлан зохион байгуулдаг “Sustainability in the Cashmere sector” хуралд оролцохоо илэрхийллээ. Зөвхөн Монголд төдийгүй  олон улсын хэмжээнд ноолуур үйлдвэрлэгч тал бүрийг оролцуулах чуулган уулзалтыг уламжлалт ажил болгох санал дэвшүүлсэн билээ.