Хаан банктай хамтран “Mал аж ахуйгаа тогтвортой эрхлэх, хариуцлагатай малчдыг чадавхжуулах хөтөлбөр” эхлүүллээ. Монгол орны өнцөг булан бүрт хүрч, нийт иргэд, малчдад банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг ХААН банкны зүгээс мал маллагаа, малын тоонд бус чанарт суурилсан бэлчээрийн мал аж ахуйг дэмжиж, сертификат авсан малчдад хөнгөлөлттэй зээл өгч хамтран ажиллах юм.
Монголд ноолуурын тогтвортой нийлүүлэлийн сүлжээг хөгжүүлэхээр зорьж буй ТННЭ нь байгальд ээлтэй тогтвортой мал маллагааны уламжлалт арга барил, зохистой дадлыг эргэн сэргээж, олон улсын стандарт болгохоор зорьж, орон нутгийн хоршоодын малчдад сургалт зохион байгуулах төдийгүй зохистой дадлын хэрэгжилтийг үнэлэн батламжлал олгож буй юм.
- ТННЭ нь Хаан банктай 2017 оноос хамтран ажиллаж буй бөгөөд нийт 10 аймгийн 25 суманд хэрэгжих уг хөтөлбөрийн хүрээнд тогтвортой мал маллагаа, малын тоонд бус чанарт суурилсан бэлчээрийн мал аж ахуйг дэмжиж, батламжлал авсан малчдад хөнгөлөлттэй зээл өгч хамтран ажиллах юм.
- Малчдыг ийнхүү сургаж чадавхжуулснаар малын гаралтай түүхий эдийн дотроос хамгийн тансаг, үнэтэй бүтээгдэхүүн болох ямааны ноолуурыг олон улсын зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн аргаар бэлтгэн боловсруулж, дэлхийд нэр хүндтэй үйлдвэрлэгч, загварын нэрт гадаад дотоодын брендүүдэд шууд хүргэх боломжийг бүрдүүлэхээр зорьж байгаа юм.
- Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гурван үе шаттай сургалт зохион байгуулна. Юун түрүүнд орон даяар салбар нэгжтэй ХААН Банкны ажилтнуудад сургалт хийх бөгөөд ажилтнуудаар дамжуулан малчдад зөвлөгөө мэдээлэл хүргэх бол, хоёрдугаарт малчдын хоршоодыг сургаж чадавхжуулахад анхаарах юм. Гуравдугаарт, ТННЭ-тэй хамтран видео болон радио хичээлүүд бэлтгэн орон даяар нэвтрүүлэхээр төлөвлөжээ
“Ноолуур” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих нь
Бодлого хэрэгжилтийн хувьд энэхүү санаачлага нь холбогдох хэд хэдэн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж байна. Тухайлбал, Монгол улсын Засгийн газраас баталсан “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд байгальд ээлтэй дэвшилтэт арга технологийг үйлдвэрт нэвтрүүлж ямааны үйлдвэр угсаа, түүхий эдийн бэлтгэлийн чанарыг сайжруулах зэрэг зорилтуудыг дэмжиж байгаа нь онцлогтой (2.2.2, 2.2.4).
Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд малчдын байгууллагуудад шаталсан сургалтыг зохион байгуулах мөн түүхий эдийн бэлтгэлийг тогтвортой байлгахад аж ахуйн нэгж, ТББ-уудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг заасан (4.2.3).
Гарах үр дүн
Монгол Улс 66.4 сая толгой малтай. Ноос ноолуур, сүү, мах, арьс шир, дайвар бүтээгдэхүүн гэхчлэн малаас хаях зүйл огт байдаггүй билээ. Тиймдээ ч хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд малчдаас авч буй түүхий эдийн чанар болон нийлүүлэлтээс эцсийн бүтээгдэхүүний чанар, гарц шууд хамааралтай байдаг. Хөтөлбөр хэрэгжсэнээр мал аж ахуйн өртгийн сүлжээ нэвтрүүлэхэд тулгамдаж буй томоохон асуудал болох малчид хоршоод болон үйлдвэрлэгчдэд техникийн болон санхүүгийн мэдлэгтэй болно. Мөн түүнчлэн чанарт суурилсан мал аж ахуйг бий болгох, малаас гарч буй түүхий эд, эцсийн бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэх үр ашигтай.